info@child.or.gov.mn      (+976) 70350136

Нийтийн сонсголын тухай хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино.

2 дугаар зүйл. Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж

2.1.Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Үндсэн зарчим

3.1.Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг удирдлага болгоно.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Дараах этгээд нийтийн сонсголыг зохион байгуулахдаа энэ хуулийг дагаж мөрдөнө:

4.1.1.хууль санаачлагч;

4.1.2.төрийн байгууллага, албан тушаалтан;

4.1.3.нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага.

4.2.Нийтийн сонсголыг доор дурдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргахын өмнө зохион байгуулна:

4.2.1.эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт;

4.2.2.энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал;

4.2.3.хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд тавих хяналт;

4.2.4.татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого ба зарцуулалтад тавих хяналт;

4.2.5.Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудал.

4.3.Энэ хуулийн 4.2-т зааснаас бусад асуудлаар нийтийн сонсгол явуулахад энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална.

5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1.“нийтийн сонсгол” /цаашид “сонсгол” гэх/ гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг;

5.1.2.“сонсгол даргалагч” гэж тухайн сонсголын дэгийг сахиулахаар сонгогдсон, эсхүл томилогдсон албан тушаалтныг;

5.1.3.“мэргэжлийн холбоо” гэж нийтийн ашиг сонирхолд нийцсэн, мэргэжлээрээ эвлэлдэн нэгдсэн иргэдийн төрийн бус байгууллагыг.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОНСГОЛЫН ТӨРӨЛ, ТЭДГЭЭРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

6 дугаар зүйл. Сонсгол, сонсголын төрөл, хэлбэр

6.1.Аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаа нь сонсголын үйл ажиллагаанаас тусдаа байна.

6.2.Сонсгол нь дараах төрөлтэй байна:

6.2.1.хууль тогтоох;

6.2.2.ерөнхий хяналтын;

6.2.3.төсвийн хяналтын;

6.2.4.томилгооны;

6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;

6.2.6.орон нутгийн.

6.3.Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.

6.4.Энэ хуулийн 6.2.5-д заасан сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулах бөгөөд уг сонсгол зохион байгуулах нарийвчилсан үндэслэл, журмыг холбогдох хууль болон энэ хуулийн 18.7-д заасан журмаар зохицуулна.

7 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн сонсгол

7.1.Хууль санаачлагч дараах тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсруулахад хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулна:

7.1.1.хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;

7.1.2.нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай эдийн засаг, нийгмийн болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэх.

7.2.Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулахаар бол тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

7.3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх хүсэлтээ иргэн, хуулийн этгээд тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргана.

7.4.Хууль санаачлагч хууль, тогтоомжийн төслийг боловсруулах үе шатанд олон нийтээр тухайн асуудлыг хэлэлцүүлсэн нь хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахгүй байх үндэслэл болохгүй.

8 дугаар зүйл. Ерөнхий хяналтын сонсгол

8.1.Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.

8.2.Улсын Их Хурал нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:

8.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;

8.2.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүн хүсэлт гаргасан;

8.2.3.тухайн Байнгын хорооны нийт гишүүний олонх хүсэлт гаргасан;

8.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;

8.2.5.энэ хуулийн 8.5-д заасан.

8.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:

8.3.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан;

8.3.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн хүлээн авсан.

8.4.Ерөнхий хяналтын сонсголыг явуулах тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт нь доор дурдсан шаардлагыг хангасан байна:

8.4.1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага;

8.4.2.өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухай болон сонсголыг зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой заасан байх.

8.5.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.

8.6.Ерөнхий хяналтын сонсголыг явуулснаас хойш нэг жилийн дотор тухайн асуудлаар дахин сонсгол явуулахгүй.

8.7.Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулж болно.

8.8.Иргэн, хуулийн этгээд ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтээ энэ хуулийн 8.1-д заасан байгууллагад хандан гаргана.

9 дүгээр зүйл. Төсвийн хяналтын сонсгол

9.1.Улсын Их Хурал улсын төсвийн орлого ба зарцуулалттай холбоотой асуудлаар дараах тохиолдолд сонсголыг явуулна:

9.1.1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан;

9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан.

9.2.Төсвийн хяналтын сонсгол явуулах бол төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

9.3.Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна:

9.3.1.улс, орон нутаг, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв;

9.3.2.орон нутгийн хөгжлийн сангийн төсөв;

9.3.3.Засгийн газрын тусгай сангийн төсөв;

9.3.4.Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;

9.3.5.Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;

9.3.6.Засгийн газар, орон нутгийн баталгаа гаргах болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр.

10 дугаар зүйл. Томилгооны сонсгол

10.1.Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна.

11 дүгээр зүйл. Орон нутгийн сонсгол

11.1.Улсын Их Хурал, Засгийн газар тодорхой асуудлаар тухайн асуудалтай холбоотой газар нутагт очиж орон нутгийн сонсгол зохион байгуулж болно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан сонсголыг дараах тохиолдолд зохион байгуулна:

11.2.1.тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүсэлт гаргасан;

11.2.2.тухайн асуудал эрхэлсэн Байнгын хороо шийдвэр гаргасан.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНСГОЛД ОРОЛЦОГЧ ЭТГЭЭД, ТЭДГЭЭРИЙН ЭДЛЭХ ЭРХ, ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

12 дугаар зүйл. Сонсголд оролцогч

12.1.Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ.

12.2.Нэг асуудлаар сонсгол хийх хүсэлтийг ижил ашиг сонирхолтой гурав ба түүнээс дээш, эсхүл хэд хэдэн этгээд хамтарч гаргасан бол тэдгээрийн саналаар гурав хүртэл этгээд төлөөлөн сонсголд оролцоно.

12.3.Ажиглагчийн эрх зүйн байдлыг энэ хуулийн 18.7-д заасан журмаар тогтооно.

13 дугаар зүйл. Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг оролцуулах

13.1.Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна.

13.2.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг сонсголд оролцуулах асуудлыг энэ хуулийн 18.7-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.

14 дүгээр зүйл. Сонсголд оролцогчийн иргэний эрх зүйн чадамж

14.1.Сонсголд иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй боловч сонсголд зайлшгүй оролцуулах шаардлагатай бусад этгээд оролцох эрхтэй.

14.2.Сонсголд оролцогчийн иргэний эрх зүйн чадамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.3-т заасны дагуу тодорхойлно.

15 дугаар зүйл. Сонсголд оролцогчийн эрх, үүрэг

15.1.Сонсголд оролцогч дараах нийтлэг эрх эдэлнэ:

15.1.1.энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлбар, санал, дүгнэлт гаргах;

15.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах;

15.1.3.энэ хуульд заасны дагуу бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг эдлэх.

15.2.Сонсголд оролцогч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

15.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудснаар сонсголд хүрэлцэн ирэх;

15.2.2.сонсгол явуулах журам, дэгийг сахих;

15.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

15.2.4.сонсголын асуудлаар гаргасан тайлбар, санал, дүгнэлт нь үнэн бодитой байх.

16 дугаар зүйл. Сонсгол зохион байгуулагч, түүний эдлэх эрх, хүлээх үүрэг

16.1.Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн Байнгын, дэд, түр хороо, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулах сонсголыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засгийн газраас зохион байгуулах сонсголыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан явуулах бөгөөд бусад байгууллагаас зохион байгуулах сонсголыг Тамгын газар, түүнтэй адилтгах нэгж зохион байгуулна.

16.2.Сонсгол зохион байгуулагч сонсголын бэлтгэл ажлыг бүрэн хангах, сонсголыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй.

17 дугаар зүйл. Сонсгол даргалагч, түүний эдлэх эрх, хүлээх үүрэг

17.1.Сонсгол даргалагч сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын дэгийг сахиулах үүрэгтэй.

17.2.Сонсгол даргалагчийг сонгох, томилох асуудлыг энэ хуулийн 18.7-д заасан журмаар зохицуулна.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОНСГОЛЫН НИЙТЛЭГ ЖУРАМ

18 дугаар зүйл. Сонсголын нийтлэг журам

18.1.Оролцогчид сонсголын үеэр хуралдаан даргалагч, бусад оролцогчоос асуулт асуухгүй.

18.2.Сонсголын асуудалтай холбогдуулан бичгээр ирсэн санал, хүсэлт, мэдээллийг уншиж танилцуулан тэмдэглэлд тусгаж болно.

18.3.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдийг сонсголд оролцуулахыг хориглоно.

18.4.Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн төлөөллийг заавал оролцуулна.

18.5.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан сонсгол болон Улсын Их Хурлаас зохион байгуулах ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн олонх нь оролцох бөгөөд уг шаардлагыг хангаагүй зохион байгуулсан сонсголыг хүчингүйд тооцно.

18.6.Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд холбогдох албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

18.7.Хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын нарийвчилсан журмыг энэ хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Улсын Их Хурал, захиргааны хэм хэмжээний сонсголын нарийвчилсан журмыг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

18.8.Энэ хуулийн 18.7-д заасан журмаар сонсгол явуулах талаарх хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх, сонсголын товыг зарлан мэдээлэх, оролцогчид, зохион байгуулах үйл явц, бүртгэл, сонсголын тэмдэглэл, сонсголын ирц, үе шат, сонсгол даргалагчийг сонгох, түүний эрх үүрэг, сонсголын дэгтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулна.

19 дүгээр зүйл. Сонсголын тэмдэглэл

19.1.Сонсголын тэмдэглэлд сонсголыг зохион байгуулсан огноо, байрлал, эхэлсэн дууссан цаг, сонсгол даргалагч, оролцогчдын овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, сонсголын ирц болон оролцогчид эрх, үүргийг тайлбарласан байдал, оролцогчийн тайлбар, баримтыг шинжилсэн талаар бичнэ.

19.2.Сонсгол дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд сонсгол даргалагч гарын үсэг зурна.

19.3.Хаалттай зохион байгуулснаас бусад сонсголын тэмдэглэл нээлттэй байх бөгөөд уг тэмдэглэлийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрлуулна.

20 дугаар зүйл. Сонсголын тов

20.1.Сонсгол зохион байгуулагч сонсголыг зохион байгуулах товыг тогтооно.

20.2.Шаардлагатай тохиолдолд сонсголыг ажлын бус өдөр явуулж болно.

20.3.Сонсгол зохион байгуулагч сонсголын товыг дараах хугацаанд нийтэд зарлана:

20.3.1.хууль тогтоомжийн төслийн сонсголыг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлгээс өмнө;

20.3.2.ерөнхий хяналтын, төсвийн болон томилгооны сонсголыг тухайн хүсэлтийг эрх бүхий байгууллага хэлэлцэн, товлосноос хойш долоо хоногийн дотор;

20.3.3.захиргааны хэм хэмжээний сонсголыг холбогдох хуульд заасан хугацаанд.

20.4.Сонсголын товыг тогтоосны дараа товыг зайлшгүй хойшлуулах шаардлагатай бол тухайн сонсголын товыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана.

20.5.Албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.

21 дүгээр зүйл. Сонсголыг нийтэд зарлах

21.1.Сонсголын товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 18.7-д заасан журмаар тогтоосон давтамж, арга хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

21.2.Төрийн албан тушаалтанд сонсголын зарыг бичгээр буюу бусад нотлогдох боломжтой арга хэрэгслээр хүргүүлнэ.

21.3.Орон нутагт зохион байгуулах сонсголын зарыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын Тамгын газар болон хүн ам олноор үйлчлүүлдэг соёлын ба үйлчилгээний газруудын зарын самбарт байрлуулна.

21.4.Сонсголын товын зард сонсгол явуулах огноо, цаг, байрлал, сонсгол явуулах асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл, бүртгүүлэх хугацааны тухай мэдээллийг багтаасан байна.

22 дугаар зүйл. Сонсголд оролцох хүсэлт гаргах, оролцогчийг бүртгэх

22.1.Сонсголд ажиглагчаар оролцох иргэн, хуулийн этгээд сонсгол болохоос ажлын таваас доошгүй хоногийн өмнө Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүсэлтийг сонсгол зохион байгуулагчид хүргүүлнэ.

22.2.Сонсголд ажиглагчаар оролцох хүний тоо, бүртгэл дуусгавар болох хугацаа, сонсгол зохион байгуулах үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 18.7-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.

23 дугаар зүйл. Шинжээч, орчуулагч, хэлмэрчийг оролцуулах

23.1.Сонсгол даргалагч шинжээч, орчуулагч, хэлмэрчид мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.

23.2.Мэдэгдэх хуудсанд дараах зүйлийг заавал тусгана:

23.2.1.хүлээн авч байгаа этгээд;

23.2.2.сонсгол хийх асуудлын сэдэв;

23.2.3.сонсголын тов.

23.3.Шинжээч, орчуулагч, хэлмэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд хүрэлцэн ирээгүй, тогтоосон журмыг зөрчсөн бол холбогдох хуульд заасан хариуцлагыг ногдуулна.

23.4.Мэргэжлийн шинжээч хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд хүрэлцэн ирж тайлбар өгөх боломжгүй, эсхүл хэт өндөр зардлаар ирэх тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж болно.

24 дүгээр зүйл. Сонсголыг хойшлуулах

24.1.Сонсголын үеэр мэргэжлийн шинжээч сонсголыг хойшлуулах шалтгаан, хугацааг тодорхой дурдаж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгуулан сонсголыг сонсгол даргалагч үндэслэлтэй гэж үзвэл нэг удаа хойшлуулж болно.

24.2.Хойшлуулах үндэслэл, шалтгаанаас хамааран хойшлуулах хугацаа ажлын таваас илүүгүй өдөр байна.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Сонсгол зохион байгуулагч нийтийн сонсголын тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг ногдуулах хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт шүүхэд гаргана.

25.2.Энэ хуулийг төрийн албан тушаалтан зөрчсөн бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.

26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

26.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД

 

  Байршил
  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00