info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

           

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

                       1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл.Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж

                       2.1.Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол  Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Гэр бүлийн тухай [3], Хүүхэд хамгааллын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2.Хүүхдийн эрхийн зарчим, нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хэрэглэж болно.

            3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

            3.1.Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ.

                       3.2.Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.

                       4 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн үндсэн зарчим

            4.1.Хүүхдийн эрхийг хамгаалахад  дараахь зарчмыг баримтална:

                        4.1.1.хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;

                        4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн  язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

                        4.1.3.хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

                        4.1.4.хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах;

                        4.1.5.хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ЭРХ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ,

ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ

            5 дугаар зүйл.Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх

            5.1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй бөгөөд хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг  Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр зохицуулна.

5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх  эрхтэй.

5.3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.

5.4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.

5.5.Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга болон түр оршин суух, эх орондоо амьдрах эрхтэй.

            6 дугаар зүйл.Хүүхдийн хөгжих эрх

6.1.Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч  байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж  үзэх бөгөөд хүүхэд дараахь эрх эдэлнэ:

                        6.1.1.хүүхэд  бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших;

                        6.1.2.хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших;

                                        6.1.3.хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;

6.1.4.хүүхэд шашин шүтэх, эс шүтэх;

6.1.5.хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах;

 6.1.6.хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх.

 6.2.Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.

            7 дугаар зүйл.Хүүхдийн хамгаалуулах эрх

7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.

7.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.

7.3.Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн  харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй.

7.4.Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.

7.5.Хүүхдийн хамгаалагдах эрхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

            8 дугаар зүйл.Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх

                       8.1.Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй бөгөөд  хүүхэд нийгмийн амьдралд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

                        8.1.1.хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх;

                        8.1.2.хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох;

                        8.1.3.хүүхэд өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх; 

                        8.1.4.хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх,  ажил, үйлчилгээний  хөлс, урамшуулал авах;

                        8.1.5.хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах.

            9 дүгээр зүйл.Хүүхдийн хүмүүжил, төлөвшил

            9.1.Хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:

                        9.1.1.эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах;

9.1.2.эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;

9.1.3.зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх;

9.1.4.хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх;

9.1.5.эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх;

9.1.6.оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх.

            10 дугаар зүйл.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан  дэмжигчийн үүрэг

            10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ:

10.1.1.хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;

10.1.2.хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;

10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;

10.1.4.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;

10.1.5.хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах;

10.1.6.хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;

10.1.7.хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;

10.1.8.хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;

10.1.9.хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;

                        10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;

10.1.11.хууль тогтоомжид заасан бусад.

            10.2.Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХАД ТӨР, ИРГЭН,

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО

11 дүгээр  зүйл.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах      байгууллагын бүрэн эрх

                  11.1.Хүүхдийн эрхийг хангах талаар Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        11.1.1.хүүхдийн эрхийг хангах талаархи төрийн болон орон нутгийн бодлогыг тодорхойлох;

                        11.1.2.хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил,  хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх, төсөв батлах;

                        11.1.3.хүүхдийн эрхийн талаархи хууль тогтоомжид хяналт тавих.

            12 дугаар зүйл.Засгийн газрын үүрэг, оролцоо

12.1.Хүүхдийн эрхийг хангахад Засгийн газар дараахь шийдвэр гаргаж, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 

12.1.1.хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;

                        12.1.2.хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

12.1.3.хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

12.1.4.хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг өмчийн хэлбэр харгалзахгүй санхүүжүүлэх журам батлах;

12.1.5.хүүхдийн санаачилсан шинэ бүтээл, урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх;

12.1.6.хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах;

12.1.7.онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах, шаардлагатай арга хэмжээ тухай бүр авах.

                     13 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн     төрийн захиргааны төв байгууллагын   үүрэг, оролцоо

            13.1.Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэргүүлэх чиг үүргийг гүйцэтгэнэ:

13.1.1.хүүхдийн эрхийг хангах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцах;

13.1.2.хүүхдийн эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийн Засгийн газрын тайланг боловсруулж, Засгийн газарт танилцуулах, холбогдох байгууллагад хүргүүлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийг олон нийтэд сурталчлах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

13.1.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

13.1.4.хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал, санаачилгаар бий болсон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвт тусгаж батлуулах;

13.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг дэмжих;

13.1.6.хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлгээ өгөх;

13.1.7.төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх;

13.1.8.хүүхдийн эрхийн чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах.

            14 дүгээр зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн      төрийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо

14.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн эрхийг хангах талаар дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаархи хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

14.1.2.хүүхдийн эрхийг хангах талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.3.орон нутгийн салбар, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, бусад байгууллагын уялдаа холбоог зохицуулах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх;

14.1.4.хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх замаар хяналт тавих;

14.1.5.хүүхдийн асуудал эрхэлсэн бүх шатны ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

14.1.6.хүүхдийн эрхийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах;

14.1.7.хүүхдийн эрхийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж урамшуулах;

14.1.8.хүүхэд гишүүнчлэлтэй болон эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, байр танхимаар хангах;

14.1.9.хүүхдийн эрхийн чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

14.1.10.хууль тогтоомжид заасан бусад.

            14.2.Энэ хуулийн 14.1.6-д заасан сан бүрдүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

            14.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сургалт, судалгаа, мэдээллийн төвтэй байх бөгөөд төвийн ажиллах дүрмийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

15 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн

                           орон нутгийн байгууллагын үүрэг, оролцоо

15.1.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтан нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            15.1.1.тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

                       15.1.2.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих;

                       15.1.3.эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай  үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

                       15.1.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

                       15.1.5.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн тухайн шатны байгууллага, ажилтан нь хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай бол сургалт зохион байгуулах, нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжиж, арга зүйн удирдлагаар хангах;

            15.1.6.энэ хуулийн 14.2-т заасан журмын дагуу анхан шатны байгууллага, ажилтан, хамтран ажиллаж байгаа хуулийн этгээдээс мэдээ тайлан авч, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хянах, холбогдох мэдээллийг нэгтгэн  төв байгууллагад  хүргүүлэх;

            15.1.7.хүүхэд гишүүнчлэлтэй болон эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааг төрөөс дэмжин, байр, танхимаар хангах;

            15.1.8.хүүхдийн эрхийн чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
                            15.1.9. хууль тогтоомжид заасан  бусад.

            15.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтны ажлын шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эрхийг хангах талаар явуулсан ажил, үйлчилгээний үр дүнгээр үнэлнэ.

15.3.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хэлтэс, газарт болон сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан нь хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

16 дугаар зүйл.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл

            16.1.Хүүхдийн эрхийг хангах талаархи салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ.

16.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд бүрэлдэхүүнийг Зөвлөлийн тэргүүн батална.

16.3.Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмийг тухайн зөвлөл батална.

16.4.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

16.4.1.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг  уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах;

16.4.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл,  хуулийн этгээдэд зөвлөмж өгөх.

            16.5.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тусын чиг үүргийн дагуу гүйцэтгэнэ.

 

                ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

            17 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын  үүрэг, оролцоо

            17.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь арга хэмжээ авна:

17.1.1.тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлэх;

17.1.2.хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

17.1.3.тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд  хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлуулж, хэрэгжүүлэх, үр дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлэх;

17.1.4.хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг дэмжих, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

17.1.5.хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдэд зориулсан барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах;

17.1.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр байршуулах, асрамжлах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

18 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

18.1.Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

18.1.2.хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих;

18.1.3.иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах;

18.1.4.хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах;

18.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих;

18.1.6.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход  эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох.

            19 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх,         гомдол, нэхэмжлэл гаргах

            19.1.Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ  хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

            19.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно.

            19.3.Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, хүүхэд хамгаалахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.

20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах

20.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн хүүхдийн эрхийн ажилтан, нийгмийн ажилтнаар дамжуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина.

20.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын  гишүүн хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн эрх эдлэх бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшиж, сургалтад хамрагдсан ажилтанд улсын байцаагчийн эрх олгоно.

            20.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь  хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр  мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан, тухайн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

20.4.Улсын байцаагчийн эрх бүхий ажилтан нь хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулна.

20.5.Хүүхдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн насанд хүрсэн хүнийг сум, дүүргийн хүүхдийн чуулганаас хүүхдийн элчээр өргөмжилж болно.

20.6.Хүүхдийн элч нь харьяа сум, дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

20.7.Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрх бүхий байгууллагатай хамтран батална.

21 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайлан

21.1.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу Олон Улсын төрөлжсөн байгууллага (Нэгдсэн Үндэсний Байгууллага, түүний салбар байгууллага)-д Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар үндсэн тайланг заасан хугацаанд төрийн байгууллагаас хүргүүлэх бөгөөд хүүхэд, олон нийт, иргэний нийгмийн оролцоотой гаргана.

21.2.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулах бөгөөд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, шүүхийн захиргаа, прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын албан тушаалтан, мэргэжилтнийг заавал оролцуулна.

21.3.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хүргүүлэх хугацааг Монгол Улсын олон улсын гэрээнд тодорхой заасан бол  зургаан сарын өмнө талуудын оролцоог бүрэн хангасны үндсэн дээр боловсруулж, хэлэлцүүлсэн байна.

21.4.Олон Улсын байгууллагад хүргүүлэх хүүхдийн эрхийн хэрэгжилтийн хөндлөнгийн тайланг хүүхэд, олон нийтийн болон хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага хүргүүлж болно. 

21.5.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хугацаанд нь гаргаагүй, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй ажилтан, албан тушаалтанд Төрийн албаны тухай[4] хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

21.6.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна. 

            22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

            22.1.Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                   З.ЭНХБОЛД

 

  Байршил
  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00