info@child.or.gov.mn      (+976) 70350136

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөл


 Төсөл

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

             1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

             1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих тогтолцоог тодорхойлох, эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

             2 дугаар зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж

            2.1.энэ хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

             3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

             3.1.Залуучууд өөрөөр хэлбэл 18-35 хүртэлх насны хүний хөгжил, оролцоог дэмжихэд энэ хууль үйлчилнэ.

         3.2.Энэ хууль Монгол Улсын иргэн болон Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

             4 дүгээр зүйл.Залуучуудын хөгжил оролцоог дэмжих зарчим

             4.1.Залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд дараах зарчмыг баримтална:

                         4.1.1.ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх, нийгмийн шударга ёсны үнэлэмжийг дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хуулийг чандлан сахих;

                        4.1.2.залуучуудын талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад  залуучуудын оролцоог хангах;

                        4.1.3.залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлж, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

                                           5 дугаар зүйл:Хуулийн нэр томъёо

             5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно.

                         5.1.1.“залуучууд” гэж 18-35 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг;

                        5.1.2."залуучуудын хөгжил" гэж залуучуудын бие бялдар, оюун санаа, сэтгэц, хувь хүний ур чадвар, харилцаанд гарч буй ахиц өөрчлөлтийг;

                        5.1.3."залуучуудын оролцоо" гэж залуучуудын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх үйл явцыг;

                        5.1.4.“залуучуудын иргэний нийгмийн байгууллага" гэж залуучуудын оролцоотой, өөрийн удирдлагын байгууллагыг;

                        5.1.5.”зорилтот бүлгийн залуучууд“ гэж хэвийн ажиллаж амьдрахад нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа залуучуудыг;

                        5.1.6.“сайн дурын ажил” гэж залуучууд өөрсдийн идэвх санаачлагаараа, хэн нэгэнд эсхүл тодорхой нэг орчинд нийтийн эрх ашигт чиглэсэн хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг;

                        5.1.7.“залуучуудын гурван талт зөвлөл” гэж залуучуудын хөгжил, оролцоог дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг;

                        5.1.8.“залуучуудын хөгжлийг дэмжих сан” гэж нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч залуучуудын хөгжил, оролцоог дэмжих нэгдмэл зорилгод хүрэхийн тулд  төвлөрүүлсэн санг;

                        5.1.9.”залуучууд судлал” гэж залуучуудын хөгжлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан, салбар болгон хөгжүүлэхийг;

                        5.1.10.”амьдрах ухааны ур чадвар” гэж эрүүл, аюулгүй амьдрах мэдлэгтэй, шийдвэр гаргах, төлөвлөлтийн зөв зохистой менежменттэй харилцааны болон амьдралын бусад ур чадваруудыг;

                        5.1.11."албан бус салбар" гэж “Хөдөлмөрийн статистик үзүүлэлтүүдийн тодорхойлолт, тооцох аргачлалд заасныг.

                       

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын

оролцоо, эрх, үүрэг

 

6 дугаар зүйл.Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын эрх, үүрэг

 

6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан иргэний эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:

           6.1.1.ардчиллын үнэт зүйлс болон нийгмийн шударга ёс, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг авах;

            6.1.2.залуу хүний хэрэгцээнд нийцсэн, мэдлэгт тулгуурласан, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшихэд дэмжлэг авах;

            6.1.3.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, хөрвөх чадвартай, мэргэжилтэй ажиллах хүч, санаачлагч, баялаг бүтээгч болон хөгжихөд дэмжлэг авах;

            6.1.4.амьдралын зөв дадал хэвшил, хорт зуршил, өвчлөлөөс сэргийлэх, эрүүл зан үйлтэй иргэн болж төлөвшихөд дэмжлэг авах;

            6.1.5.аюулгүй орчинд ажиллаж амьдрах, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг авах;

6.2.Залуучууд өөрийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад манлайлан оролцох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлд заасан иргэний үндсэн болон журамт үүргээс гадна дараах үүргийг ёсчлон биелүүлнэ:

 6.2.1.нийгэм, эдийн засаг, соёл, спорт, урлагийн аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцож, эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх;

6.2.2.ардчиллын үнэт зүйлс болон нийгмийн шударга ёс, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, сайн дураар хугацаат цэргийн алба хаах;

6.2.3.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх;

6.2.4.терроризмын хор уршиг, аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй амьдрах;

6.2.5.байгаль орчин, гол горхины эх, баталгаат ундны усны эх үүсвэрийг хамгаалах;

            6.2.6.залуучууд улиралд 15-20 цаг нийтийн эрх ашгийн төлөө сайн дурын ажилд оролцох;

6.2.7.хүмүүнлэгийн болон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд сайн дураар идэвх санаачлагатай оролцох;

6.2.8.амьдрах ухааны мэдлэг чадвар эзэмшиж, цалин орлогоо зөв зарцуулах  санхүүгийн мэдлэг чадвар, сахилга баттай байх;

6.2.9. Хэвлэл мэдээлэл болон цахим орчинд эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга бий болгох, хэрэглэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

6.2.10.Нэгдсэн үндэстний байгууллагын албан ёсны нэгээс доошгүй гадаад хэлийг сурах;

6.2.11.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих

             7 дугаар зүйл.Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл

             7.1.Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна.

 

                        7.1.1.хувь хүний хөгжил;

                        7.1.2.боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан;

                       7.1.3.эрүүл мэнд;

                        7.1.4.хөдөлмөр эрхлэлт;

                        7.1.5.аюулгүй хөгжих орчин;

           8 дугаар зүйл.Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих

             8.1.хүний эрхэд тулгуурласан хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

                     8.1.1.хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг ерөнхий боловсролын болон дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах;

                        8.1.2.хуулийн 8.1.1-т заасан хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж хэрэгжүүлнэ.

                        8.1.3.залуучуудын боловсрол, хэрэгцээнд нийцсэн хууль зүйн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;

                        8.1.4.түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвар, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн хувь хүний хөгжлийн тусгайлсан сургалт, бэлтгэлийн хөтөлбөрийн дагуу сайн дурын үндсэн дээр хугацаат цэргийн алба хаах;

                        8.1.5. хуулийн 8.1.4-т заасан сургалт, бэлтгэлийн хөтөлбөрийг Зэвсэгт хүчний жанжин штаб батална.

8.1.6.хуулийн 8.1.4-т заасан хугацаат цэргийн алба хаасан оюутан, залуучуудын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсаас 1 жилээр тооцон төлнө;

                        8.1.7.залуучуудын мэдээлэл олж авах эрхийг хангах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг;

                        8.1.8.Монголын үндэсний олон нийтийн радио телевиз залуучуудын хөгжлийн чиглэлээр хөтөлбөр мэдээллийн цагтай байна;

                        8.1.9.залуучуудыг өөрийгөө илэрхийлэх, нийгмийн ёс суртахуунд нийцүүлэн төлөвших, амьдрах ухааны ур чадварыг эзэмшүүлэх бүх төрлийн сургалт, үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийг татварын бодлогоор дэмжинэ;

             9 дүгээр зүйл.Залуучуудын боловсролыг дэмжих

             9.1.залуу хүний хэрэгцээнд нийцсэн, мэдлэгт тулгуурласан, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшихэд дэмжих чиглэлээр дараах дэмжлэгийг үзүүлнэ:

                         9.1.1.үндэсний цөөнх, шилжин суурьшигч, зорилтот бүлгийн, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залуучуудын боловсролын хэрэгцээг судалж, хэрэгцээнд суурилсан сургалтыг насан туршийн боловсролын хөтөлбөрийн дагуу эзэмшүүлэх;

                        9.1.2.номын сангийн үйлчилгээг залуучуудад ойртуулах, хялбаршуулах, цахим номын сан хөтөлбөрийг хэрэгжүүлэх

                        9.1.3.шинжлэх ухаан технологи, инноваци, шинжилгээ, судалгааны чиглэлээр үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх

                        9.1.4.хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасныг залуучуудын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

                        9.1.5.залуучууд судлалыг хөгжүүлэх;

                        9.1.6.гоц авьяастай, оюуны өндөр чадвартай залуучуудыг сурахад дэмжлэг үзүүлэх;              

                        9.1.7.соёл, урлаг, шинжлэх ухааны шинэ бүтээл туурвихыг дэмжих;

                        9.1.8.залуучуудын нарийн мэргэших, мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшний сургалтанд хамруулах;

                        9.1.9.их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургуульд хугацаат цэргийн алба хаасан суралцагчийн амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн кредит цагийг нөхөн тооцох;

                        9.1.10. хуулийн 9.1.9-т заасан кредит цаг нөхөн тооцох журмыг боловсролын болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална;

                        9.1.11.эдийн засгийн тэргүүлэх салбарын техник, технологи болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг залуучуудын идэвх, санаачлагыг дэмжих;

             10 дугаар зүйл.Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах

             10.1.амьдралын зөв дадал хэвшил, хорт зуршил, өвчлөлөөс сэргийлэх, эрүүл зан үйлтэй иргэн болж төлөвшихөд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 10.1.1. залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах;

                        10.1.2.оюутнуудыг харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах;

                        10.1.3.залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх

                        10.1.4.биеийн тамир, спорт, амралт, алжаал тайлах, бялдаржуулалт, бясалгалын төв зэрэг залуучуудын бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх;

                        10.1.5. залуучуудын нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах

                        10.1.6.хуулийн 10.1.4, 10.1.5-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж буй хуулийн этгээдийг татварын бодлогоор дэмжинэ.

                        10.1.7.архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг залуучууд, олон нийтэд ойлгуулах, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж байгаа байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, дэмжих;

             11 дүгээр зүйл.Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

             11.1.залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, хөрвөх чадвартай, мэргэжилтэй ажиллах хүч, санаачлагч, баялаг бүтээгч болгон хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

                         11.1.1.нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох, захиалгаар сургах, энэ чиглэлээр суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал санаачлагыг дэмжих;

                        11.1.2.мэргэжлийн боловсрол эзэмшээд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг үргэлжлүүлэн сургах, дадлагажуулах ажил олгогчийн санаачилгыг дэмжих;

                        11.1.3.оюутан, залуучуудын цагийн ажлын тогтолцоог бий болгох;

                        11.1.4.залуучууд /оюутан/-ыг богино хугацаагаар, гэрээгээр ажиллуулах зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх, оюутан, залуучуудын оролцоотой байгуулсан хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг дэмжих;

                        11.1.5.албан бус салбарт хоршин хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучуудын санал, санаачлагыг дэмжин, тухайн чиглэлийн мэдээллээр хангах тогтолцоог бий болгох;

                        11.1.6.төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сонирхлын бүлгүүдээр дамжуулан залууст бизнес, менежмент, маркетинг, эрх зүй, санхүүгийн анхан шатны боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах;

                        11.1.7.ажил, хөдөлмөр эрхэлж байгаа боловч орлого багатай залуучуудын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжих;

                        11.1.8.ажилгүйдлийн даатгалын сангаас олгох сургалтын зардлыг нэмэгдүүлэх замаар ажилгүй залуучуудад мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинээр мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэх;

                        11.1.9.хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, салбарын хөгжлийн чиг хандлагыг үндэслэн орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр ажиллах нарийн мэргэжлийн хүний нөөцийг төрийн бодлого, санхүүжилттэйгээр, үе шаттайгаар бэлтгэж, ажлын байраар хангахыг дэмжих;

                        11.1.10.залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, үнэлэх, тооцох тогтолцоог бий болгож, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын туршлагад тооцох тогтолцоог бүрдүүлэх;

                        11.1.11.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид болон нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж буй залуучуудыг ажлын байраар хангахыг дэмжих;

                        11.1.12.малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг тусгай хөтөлбөрийн дагуу дэмжих;

                        11.1.13.залуучуудад ээлтэй, ажлын байрны нөхцлийг сайжруулах санаачлага гаргаж байгаа  төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг дэмжих;

                        11.1.14. залуучуудад санхүүгийн мэдлэг олгох албан сургалтыг зохион байгуулах;

            11.1.15.гадаадад ажиллаж, сурч байгаад ирсэн залуучуудын гарааны бизнесийг дэмжих;

                        11.1.16.амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур түвшинд амьдарч байгаа болон ядууралд өртөж болзошгүй залуучуудыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих;

                        11.1.17.18 насанд хүрээд  асрамж, халамжийн төвөөс гарч байгаа залуучуудыг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг бий болгох;

11.1.18.эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд залуусыг бүрэн хамруулах, ялангуяа ажил эрхэлдэггүй, хүнд нөхцөлд амьдардаг залуучуудыг даатгалд хамруулах хөдөлгөөн өрнүүлж мэдээллээр хангах, сурталчилгааг өргөжүүлэх;

11.1.19.хүнд нөхцөлд амьдарч байгаа залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэм, хамт олонд түшиглэсэн үйл ажиллагааг оновчтой, олон нийтэд нээлттэй, үйлчлүүлэгчдэд нийцтэй байдлаар үе тэнгийнхэн болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах;

11.1.20.хуулийн 11.1.1-11.1.19-т заасан арга хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр батлан хэрэгжүүлнэ.

            12 дугаар зүйл. Аюулгүй хөгжих орчныг бүрдүүлэх залуучуудын хөгжлийг дэмжих

             12.1.залуучуудын аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 12.1.1.залуучуудын орлоготой нийцүүлэн, уян хатан төлбөрийн нөхцлөөр орон сууц худалдаж авах, хөлслөх залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх;

12.1.2.зөрчилтэй гэр бүлд амьдардаг залуучуудад зориулан хамтран бэрхшээлээ туулах, сэтгэл санаагаа хуваалцах бүлгийн уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулдаг клубийг иргэний нийгмийн оролцоотой байгуулан ажиллуулах;

12.1.3.залуучуудыг гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн оролцоотой хэрэгжүүлэх;

12.1.4.гэмт хэрэг, зөрчилд орж болзошгүй залуучуудын судалгааг нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн оролцоотой гаргаж, тэдний зан үйлийг өөрчлөх сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

12.1.5.хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагад хоригдож байгаа залуучуудад зориулсан сэтгэл заслын үйлчилгээ, соёл, спорт, хүмүүжлийн арга хэмжээг залуучуудын төрийн бус болон холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотой зохион байгуулж байх;

12.1.6.гэмт хэрэгт өртөж нийгмээс тусгаарлагдсан залуучуудад боловсрол, мэргэжил олгох, хорих байгууллагаас суллагдах үед ажлын байраар хангах талаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санаачилгыг дэмжих;

12.1.7.залуучуудын эрхийг хамгаалах, хорих байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагаас хяналт тавих боломжийг өргөжүүлэх;

12.1.8.залуучууд бие биенээ хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдал, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, иргэний нийгмийн байгууллагын санал, санаачилгыг дэмжих;

12.1.9.бухимдах, хүчирхийлэл үйлдэх, амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ухуулга сурталчилгааг зохион байгуулах;

12.1.10.хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа бэлгийн зорилгоор ашиглах, хил дамнан худалдахаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах;

12.1.11.нийгмийн бүх түвшинд харилцааны эрүүл орчныг бүрдүүлэхэд иргэний нийгмийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх.

             12.2.залуучуудын хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

                         12.2.1.залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, урлаг, биеийн тамир, спортын цогцолбор, хөгжлийн төв, цэцэрлэгт хүрээлэн, дэд бүтцийг шинээр барьж байгуулах, өргөтгөх хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрэгжүүлэх;

                        12.2.2.бүх шатны сургууль, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа урлаг, соёл, спортын арга хэмжээнд залуучууд оролцох, эдгээр арга хэмжээг залуучуудын зүгээс зохион байгуулахыг дэмжих;

                         12.2.3.түүх, соёлын өвөө хамгаалах, эх оронч үзэл, ардын урлаг, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах;

                        12.2.4.залуучуудын дунд гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, сурталчлах;

12.2.5.байгаль орчныг хамгаалах ардын зан үйлийг төлөвшүүлэх санаачлагыг дэмжих;

                        12.2.6.залуучуудын авъяас чадвар, бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх, урлаг, спортын үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

12.2.7.залуучууд, оюутны спорт, урлагийн наадмыг зохион байгуулах залуучуудын санал санаачилгыг дэмжих;

                        12.2.8.хуулийн 12.1.6-12.1.8-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж буй хуулийн этгээдийг татварын бодлогоор дэмжинэ;

12.2.9.бүх шатны сургуульд суралцагсдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг залуучуудын оролцоонд тулгуурлан зохион байгуулах талаар иргэний нийгмийн байгууллагаас гаргасан санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах;

                         ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ

             13 дугаар зүйл.Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоог дэмжих

             13.1.Залуучуудын оролцооны дараах хэлбэрийг төрөөс дэмжиж ажиллана:

                         13.1.1.залуучуудын эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх, оролцох, хэрэгжүүлэх, хянах;

                        13.1.2.залуучуудын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих;

                        13.1.3.нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх;

                        13.1.4.хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих;

                 14 дүгээр зүйл.Шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх

             14.1.залуучуудыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэхийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

                         14.1.1.залуучуудыг өөрсдийн эрх ашиг хөндөгдсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах бүх түвшинд оролцох, санал хүргүүлэх, мэдээллээр хангах;

                        14.1.2.шийдвэр гаргах, нөлөөлөл үзүүлэх, хяналт тавихад шууд болон өөрийн төлөөллийн байгууллага, хуулийн этгээдээр дамжуулан оролцох;

                        14.1.3.сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх, түүнийг бууруулах үйл ажиллагаанд оролцох залуучуудыг оролцоог дэмжих;

             15 дугаар зүйл.Залуучуудын байгууллага нийтэд тустай үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дэмжих

             15.1.Залуучуудын иргэний нийгмийн байгууллага, нийтэд тустай үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

                         15.1.1.залуучуудыг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, үйл ажиллагааг залуучуудын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах;

                        15.1.2.хүнд нөхцөлд амьдарч байгаа залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааг үе тэнгийнхэн болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулахыг дэмжих;

             15.2.Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

                         15.2.1.залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, үнэлэх, ажлын туршлагад тооцох тогтолцоог бүрдүүлэх;

                        15.2.2.залуучууд жилд нэгээс доошгүй удаа 5-10 цаг нийтийн эрх ашгийн төлөө сайн дурын ажилд оролцохыг дэмжих;

                        15.2.3.хүмүүнлэгийн болон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сайн дураар идэвх санаачлагатай оролцохыг дэмжих;

                        15.2.4.зорилтот бүлгийн залуучуудад бэрхшээлээ даван туулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, соёл, спорт, хүмүүжлийн арга хэмжээ явуулах оюутан, залуучуудын зөвлөл, клубийг байгуулан ажиллуулахыг дэмжих;

             16 дугаар зүйл.Нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжих

             16.1.залуучуудын чиглэлээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийг төр дараах байдлаар дэмжинэ:

                         16.1.1.хөдөө орон нутгийг хөгжүүлэх залуучуудын санал, санаачлагыг дэмжих, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг алдаршуулах, урамшуулах, хөнгөлөлт үзүүлэх;

                        16.1.2.залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулах;

                        16.1.3.хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх, ахмадын болон хүүхдийн асрамж, халамжийн үйл ажиллагаанд сайн дурынхан, аж ахуйн нэгж байгууллагын хамтран ажиллах санал санаачилгыг дэмжих;

 ТАВДУГААР БҮЛЭГ. ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ

ДЭМЖИХ ТОГТОЛЦОО

            17 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих тогтолцоо

             18.1.Залуучуудын хөгжлийг дэмжих тогтолцоо нь залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, залуучуудын өөрийн удирдлагын байгууллага, залуучуудын олон талт хамтын үйл ажиллагаанаас бүрдэнэ.

             18 дүгээр зүйл.Улсын Их хурал, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх:

                       18.1.залуучуудын хөгжлийн талаар Улсын Их хурал, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                         18.1.1.залуучуудын хөгжлийг хангах талаар төрийн болон орон нутгийн бодлогыг тодорхойлох;

                        18.1.2.залуучуудын хөгжлийг хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх, төсөв батлах;

                        18.1.3.залуучуудын хөгжлийн талаарх хууль тогтоомжид хяналт тавих;

             19 дугаар зүйл.Засгийн газрын үүрэг оролцоо:

             19.1.залуучуудын хөгжлийг дэмжихэд Засгийн газар дараах шийдвэрийг гаргаж, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                         19.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого боловсруулах;

                        19.1.2.залуучуудын хөгжлийг дэмжих хууль тогтоомжийг биелэлтийг хангах;                              19.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

                        19.1.4.Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа болон үндэсний хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, батлуулах

             20 дүгээр зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг:

             20.1.Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах тэргүүлэх чиг үүргийг гүйцэтгэнэ:

                        20.1.1.залуучуудын хөгжлийг дэмжин төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцах;

                        20.1.2.залуучуудын асуудал хариуцсан бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх;

                        20.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг дэмжих;

                        20.1.4.залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

                        20.1.5.хууль тогтоомжид заасан бусад үүрэг;

             21 дугаар зүйл.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

                       21.1.Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

                         21.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих талаар хууль тогтоомж,  бодлого, хөтөлбөрийн  хэрэгжилтийг  зохион байгуулах;

                        21.1.2.залуучуудын хөгжлийг дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах;

                        21.1.3.Орон нутгийн салбар, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, бусад байгууллагын уялдаа холбоог зохицуулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх;

                        21.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

             22 дугаар зүйл.Залуучуудын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтны чиг үүрэг:

                       22.1.Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр залуучуудын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтан нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

                         22.1.1.тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

                        22.1.2.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;

                        22.1.3.залуучуудын хөгжил, оролцооны  чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

                        22.1.4.хууль тогтоомжид заасан бусад;

                       23 дүгээр зүйл.Залуучуудын гурван талт үндэсний болон салбар зөвлөл

             23.1.Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын гурван талт үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт залуучуудын гурван талт салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлэн ажиллана.

             23.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага, залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөлөл оролцох бөгөөд бүрэлдэхүүнийг Зөвлөлийн тэргүүн батална.

             23.3.Залуучуудын гурван талт зөвлөлийн дүрмийг тухайн зөвлөл батална.

             23.4.Залуучуудын гурван талт үндэсний болон орон нутгийн гурван талт зөвлөл нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                         23.4.1.залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах;

                        23.4.2.залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, тэдгээрийн гаргасан санал, санаачлагыг дэмжих;

                        23.4.3.залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулж, түүний орлого, зарлагыг батлах, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах, олон нийтэд мэдээлэх;

                        23.4.4.залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар бусад улс, тэдгээрийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

                        23.4.5.гурван талт үндэсний болон орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тусын чиг үүргийн дагуу гүйцэтгэх;

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ

ДЭМЖИХ САН

             24 дугаар зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих сан

             24.1.Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор залуучуудын гурван талт үндэсний зөвлөл дэргэдээ сан /цаашид “сан” гэх/ -тай байна. 

             24.2.Сангийн хөрөнгө нь доор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ: 

                           24.2.1.залуучуудын хөгжлийг дэмжиж иргэн, хуулийн этгээд, олон улсын болон гадаадын байгууллага, иргэдээс үзүүлсэн хандив, буцалтгүй тусламжийн хөрөнгө;

                        24.2.2.Монгол Улсын хууль тогтоомжид үл харшлах бусад орлого;

                        24.2.3.энэ хуульд заасан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилт;

                        24.2.4.сангийн хөрөнгийн үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

                        24.2.5.бусад.

             24.3.Залуучуудын хөгжлийг дэмжиж иргэн, хуулийн этгээд, олон улсын болон гадаадын байгууллага, иргэдээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө, бусад орлогыг сангийн дансанд бүртгэнэ.

             24.4.Сангийн үйл ажиллагааны дүрэм, сангийн хөрөнгийн зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам, сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог  Залуучуудын гурван талт үндэсний зөвлөл батална.

             24.5.Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

             24.6.Сангийн үйл ажиллагаанд шаардлагатай үед төрөөс дэмжлэг үзүүлж болно.

             24.7.Сангийн хөрөнгийг гурван талт үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дараах зориулалтаар зарцуулна:

                        24.7.1.энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.9-д заасан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

                       ДОЛООДУГААР БҮЛЭГ.ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД

ХЯНАЛТ ТАВИХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

             25 дугаар зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

             25.1.Монгол улсын Улсын Их хурал, Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

                                   25.2.Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу энэ хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ хийнэ.

             25.3.Залуучуудын хөгжлийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ. БУСАД

             26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

             26.1.Энэ хуулийг 2017 оны … дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 ГАРЫН ҮСЭГ

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00