info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/


Image

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016 оны ...дугаар сарын …-ны өдөр                                 Улаанбаатар хот                                            

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

                       1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
             1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх тэдгээрийн хууль ёсны  ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
             2 дугаар зүйл Гэр бүлийн тухай хууль тогтоомж
             2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
             2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
             3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо
             3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах  нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1."гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж баталгаажуулахыг;

                         3.1.2."гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;               
                         3.1.3."гэр бүл" гэж эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэрлэгчид, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдээс бүрдсэн нийгмийн үндсэн нэгжийг;
                         3.1.4."гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа тэдгээрийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;

                        3.1.5."төрлийн хүн" гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;

                        3.1.6."садангийн хүн" гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
                         3.1.7.“овог” гэж гэр бүл, түүний ураг төрлийнхөн угийн бичгээр баталгаажуулан 9 үедээ эцэг, эхийн талдаа уламжлан  хэрэглэх нэрийг;
                         3.1.8.”хүүхэд” гэж 18 нас хүрээгүй  Монгол Улсын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг;
 

                        3.1.9."Хамтран амьдрах" гэж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, эсхүл гэрлэлтээ цуцлуулсан ч эрэгтэй эмэгтэй хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгааг;

                       

                        3.1.10.“гэр бүлийн боловсрол” гэж “гэр бүлийн бат тогтвортой, бие даасан, тусгаар байдлыг бэхжүүлэх, амар тайван аж төрж, төлөвшихэд шаардлагатай тасралтгүй үргэлжлэх мэдлэг, чадвар, хандлагын цогцыг.

 

            4 дүгээр зүйл. Гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчим

 

            4.1.Гэр бүл, гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхлыг төр хамгаалах.

           

4.2.Эрэгтэй, эмэгтэй хоёрын гэрлэлт сайн дурынх байх;                 

 

4.3.Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байх;

           

4.4.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох;

 

            4.5.Гэрлэгчид гэр бүлийн дотоод асуудлаа харилцан тохиролцож шийдвэрлэх, гэр бүлийн бусад гишүүдийн тэгш эрх болон бие даасан байдлыг хүндэтгэх;

           

            4.6.Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эсхүл бага насны хүүхэдтэй эмэгтэй, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах;

           

            4.7.Гэрлэлтийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж баталгаажуулснаар хүлээн зөвшөөрөх;

 
            4.8.Гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах;
 

            4.9.Гэр бүл аюулгүй, амар амгалан, хүчирхийллээс ангид байх.

 

            5 дугаар зүйл. Төрөөс гэр бүлийн эрхийг хамгаалах, дэмжих

 

            5.1.Төрөөс гэр бүлийг бэхжүүлэх, гэрлэгчдийн бие биеэ хайрлах, хүндэтгэх, харилцан туслах, гэр бүлийн бусад гишүүдийн өмнө хариуцлага хүлээх, гэр бүлийн гишүүд эрхээ саадгүй хэрэгжүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулахад дэмжлэг үзүүлнэ.

           

            5.2.Иргэн гэр бүл болох, гэр бүлээрээ эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах, гэр оронтой байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хөдөлмөр, аж ахуй эрхлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, гэр бүлийн бат бэх тогтвортой байдлаа бэхжүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.

 

5.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих тусгай сан байгуулна.

 

5.4.Гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах, үндэстний соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, хамгаалах, дэвшилтэт уламжлал, зан заншлыг өвлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

5.5.Гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн гишүүдийн хүнлэг нандин харилцаа, уламжлалт зан заншлын тухай урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлийг дэмжиж, урамшуулах арга хэмжээ авна.

 

5.6.Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь гэр бүл, гэр бүлийн боловсролыг дэмжсэн хөтөлбөртэй  байна.

 

5.7.Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална.

 

5.8.Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

           

            5.9.Гадаадад ажиллах хүч гаргахдаа гэрлэлтээ батлуулсан иргэнийг эхнэр, эсхүл нөхрийнх нь хамт ажиллуулах бодлого баримтална.

 

            6 дугаар зүйл.Гэр бүлийн эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх

 

            6.1.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд гэр бүлийн харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй. Шүүх нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо энэ хууль болон Иргэний хуульд заасан журмыг баримтална.

 
            ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРОЛЦОО

 

7 дугаар зүйл.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэнтөрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт

 

            7.1.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдана. 

 

      7.2.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаарх бодлогын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.

             

      7.3.Гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалал, аюулгүй байдал, орон байр, хоол хүнс, аж ахуй, эдийн засаг, бүртгэл,  мэдээллийн асуудлыг төрийн байгууллага, албан тушаалтан тус тусын хуульд заасан чиг үүргийн дагуу хариуцна.

 

7.4.Аймаг, нийслэл, дүүрэгт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтэс ажиллана.

 

7.5 Аймаг, нийслэлийн дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс нь  дэргэдээ гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй гэр бүлд зөвлөгөө өгөх сургалт, мэдээллийн арга зүйн төв, танхимтай байна.

 

            7.6.Аймаг, нийслэл, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн даргыг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.          

 

            7.7. Аймаг, нийслэл, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн даргыг гэр бүл, хүүхэд залуучуудын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

 

7.8.Сум, баг, хороонд гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн нийгмийн ажилтан ажиллана. Нийгмийн ажилтныг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан шалгуурын дагуу аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

 

            8 дугаар зүйл.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаарх                     төрийн  чиг үүрэг

 
            8.1.Монгол Улсын Засгийн газар дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:
 

                        8.1.1.гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах, хэрэгжүүлэх;

                       

                        8.1.2.энэ хуулийн 5.1-5.6-д заасан дэмжлэг үзүүлэх журмыг батлах;

 

8.1.3.гэр бүлийн хөгжил, хамгааллын арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, батлуулах;

                       

            8.2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

 

                        8.2.1.гэр бүлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ,  үнэлгээ хийх, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцах;

                       

                        8.2.2.гэр бүлийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг улсын төсөвт тусгаж батлуулах;

                       

                        8.2.3.иргэнд олгох гэр бүлийн боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

                       

                        8.2.4.гэр бүлийн боловсролын сургалт явуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах санхүүжилтийг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүрийн төсвийн багцдаа тусгаж батлуулах;

                  

                        8.2.5.гэр бүлд сургалт, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, магадлан итгэмжлэх журмыг батлах.

 
8.2.6. хуульд заасан бусад чиг үүрэг.
 

     8.3.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

 

                        8.3.1.гэр бүлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хүн амын бүлэгт чиглүүлж зохион байгуулах, тайлагнах;

                       

                        8.3.2.гэр бүлийн талаархи  хууль тогтоомжийг сурталчлах,  хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

                       

                        8.3.3.хуулиар заасан чиг үүргийн дагуу төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд гэр бүлийн гишүүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

                       

                        8.3.4.гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар салбар дундын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, мэдээллийг түгээх;

                       

                        8.3.5.гэр бүлд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтан, мэргэжилтнийг сургах, бэлтгэх, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах, итгэмжлэх, үнэлэх, урамшуулах;

                       

                        8.3.6.гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн нийгмийн ажилтны ажлын байрны жишиг тодорхойлолтыг батлах;

                       

                        8.3.7.иргэн, хуулийн этгээд, олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох сургалтыг  зохион байгуулах;

                       

                        8.3.8.гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, хөгжүүлэх, дэвшилтэт уламжлал, зан заншлыг өвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

                       

                        8.3.9.гэр бүлд сургалт, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, магадлан итгэмжлэх, зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах, шинжээчийн баг  ажиллуулахад оролцох ;

                       

                        8.3.10.иргэн, хуулийн этгээдийн гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөр, санаачилгыг дэмжих, хамтран ажиллах;

           

            8.3.11.хүүхдэд асран хамгаалалт тогтоох, хүүхэд үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд нөхцөл байдлын үнэлгээ хийж холбогдох байгууллагад санал хүргүүлэх, хүүхдийн эрхийн зөрчилд хяналт тавих;

 
                        8.3.12. хуульд заасан бусад чиг үүрэг.
 

            8.4. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

8.4.1.Нутаг дэвсгэрийн хэмжээний гэр бүлийн хөгжлийн асуудлаарх санал, хөтөлбөрийг шийдвэрлэх;

 

8.4.2.Нутаг дэвсгэрийн хэмжээний гэр бүлийн хөгжлийн асуудлаар бодлого тодорхойлох;

 

8.4.3. Гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээрх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардагдах төсвийг  хянан батлах;

 

8.4.4.Гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээрх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих;

 
8.4.5.Хуульд заасан бусад чиг үүрэг.
 

8.5. Бүх шатны Засаг дарга дараахь чиг үүрэг хэрэгжүүлнэ:

 

                        8.5.1.Хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг хангах;

           

                        8.5.2.Иргэдийн нийтийн болон Төлөөлөгчдийн хурлаар гэр бүлийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд шаардагдах төсвийг хэлэлцүүлж, батлуулах;

           

                        8.5.3.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн нийгмийн ажилтныг хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

           

                        8.5.4.Гэр бүлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад иргэд, олон нийтийн санаачилгыг дэмжиж, оролцоог хангах;

 
                        8.5.5.Хуульд заасан бусад чиг үүрэг.
 

            9 дугаар зүйл. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын чиг үүрэг

 

            9.1.Гэр бүлийн талаархи хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тайлагнана.

           

            9.2.Гэр бүлийн талаархи хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтэд хяналт тавина.

           

            9.3.Хуулиар заасан чиг үүргийн дагуу төрийн байгууллага, хуулийн этгээдэд хүүхэд, гэр бүлийн гишүүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

           

            9.4.Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар салбар дундын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, мэдээллийг түгээнэ.

           

            9.5.Хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтан, мэргэжилтнийг сургах, бэлтгэх, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах, итгэмжлэх, үнэлэх, урамшуулах арга хэмжээ авна.

           

            9.6.Иргэн, олон нийт, хуулийн этгээдэд гэр бүлийн боловсрол олгох сургалтыг  зохион байгуулна.

           

            9.7.Гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх, дэвшилтэт уламжлал, зан заншлыг өвлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

           

            9.8.Хүүхэд, гэр бүлд сургалт, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, магадлан итгэмжлэх, зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.

           

            9.9.Иргэн, хуулийн этгээдийн хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөр, санаачилгыг дэмжин, хамтран ажиллана.

           

            9.10.Хүүхдэд асран хамгаалалт тогтоох,  хүүхэд үрчлэлтийн өмнөх болон  дараах нөхцөл байдалд үнэлгээ хийх, хяналт тавих ажлыг хариуцна.

           

      9.11.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлана.

 
            9.11.Хуульд заасан бусад чиг үүрэг.
 

            10 дүгээр зүйл. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн нийгмийн ажилтны чиг үүрэг

 

10.1. Аймаг,  дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн нийгмийн ажилтан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

10.1.1.хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг мэргэжил арга зүйг удирдлагаар ханган ажиллах, судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх

 

10.1.2.гэр бүлд зөвлөн туслах, сургалт зохион байгуулах, судалгаа, мэдээлэл сурталчилгаа хийх үйл ажиллагааг зохион байгуулах

 

10.1.3.гэр бүл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах

 

10.1.4.хүүхэд, гэр бүлд  зөвлөгөө өгөх төвүүдийн үйлчилгээг зохион байгуулах

 

10.1.5.Хуульд заасан бусад чиг үүрэг.

 

10.2. Сум, хорооны гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн нийгмийн ажилтан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

10.2.1.энэ хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх;

 
10.2.2. гэр бүлтэй холбоотой асуудлаар нөхцөл байдлын үнэлгээ хийх;
 

10.2.3.гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах;

 
10.2.4.сургалт, мэдээлэл хийх, мэдээллийн сан бүрдүүлэх;
 

10.2.5.гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн эерэг харилцааг хангахад  чиглэсэн бүх нийтийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

 

10.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

 
11 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн оролцоо
 

            11.1.Хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, иргэн энэ хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална:

                       

                        11.1.1.гэр бүлд зориулсан үйлчилгээтэй байх;

                       

                        11.1.2.ажлын байрны орчинд эх хүүхдэд зориулсан амрах байр бий болгох;

                       
                        11.1.3.ажилтны гэр бүлийн хөгжил, гэр бүлийн боловсролыг дэмжих;
 

                        11.1.4 амралт болон баяр ёслолын өдрүүдэд зохион байгуулах олон нийтийн арга хэмжээнд гэр бүлийн оролцоог хангах;

                      

                        11.1.5. ажилтныг гэр бүлтэйгээ ойр, ажиллаж, амьдрах, нөхцөлөөр хангах;      

11.1.6. ажилтанд ажлын бус цагаар өөрийн гэр бүлтэйгээ хамт байх боломж олгох;

 

                        11.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

            ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГЭРЛЭЛТИЙН ХАРИЛЦАА ҮҮСЭХ ҮНДЭСЛЭЛ, ГЭРЛЭХ

НӨХЦӨЛ, ЖУРАМ, ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ

 

            12 дугаар зүйл.Гэрлэх нөхцөл

 

            12.1.Энэ хуулийн 15.1-д заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй иргэн хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь эсрэг хүйсийн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр харилцан зөвшөөрснөөр Монгол Улсад гэрлэж болно.

 

            12.2. Гэрлэлтийн зуучлалын ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

 

            12.3.Монгол Улсын иргэн гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчин төгөлдөрт тооцогдоно.

           

            13 дугаар зүйл.Гэрлэх журам

 

            13.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулна.

 

            13.2.Гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулсан өдрөөс эхлэн гэр бүл болсонд тооцогдож, гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.

           
            13.3.Гэрлэлтийг хуулиар тогтоосон журмын дагуу бүртгэнэ.
           

            14 дүгээр зүйл. Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээ

 

            14.1.Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, дүгнэлт гаргуулсан байна.

 

            14.2.Эмнэлгийн байгууллага нь шинжилгээний хариуг гэрлэхийг хүсэгчдэд танилцуулж, удамшил, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөлгөө өгч, тэдний хэн нэг нь энэ хуулийн 14.3-т заасан өвчтэй нь тогтоогдсон бол түүний үр дагаврын талаар тайлбарлаж өгнө.

 

            14.3.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь сэтгэцийн өвчтэй байсныг нь гэр бүл болсноос хойш мэдсэн тохиолдолд нөгөө этгээд гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандах эрхтэй.

 

            14.4.Гэрлэхийг хүсэгчдийн шинжилгээний хариу нь хувь хүний нууцад хамаарна.

 
             15 дугаар зүйл. Гэрлэхэд харшлах шалтгаан
 

            15.1.Дараах байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно:

 

                        15.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;     

 

                        15.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 12.1-д заасан насанд хүрээгүй бол;

 

                        15.1.3.төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;   

 

                        15.1.4.үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;

 

                        15.1.5.гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн өвчтэй бол;

           

                        15.1.6.харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх.

 

            15.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн  эрхийн бүрэн чадамжтай гэж тооцсон тохиолдолд энэ хуулийн 15.1.2 дахь заалт үл хамаарна.

 

            16 дугаар зүйл.Гэрлэгчдийн эрх, үүрэг

 

            16.1.Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.           

 

            16.2.Гэрлэгчид дараах эрх эдэлнэ:

 

                        16.2.1.гэр бүлээ төлөвлөх;

 

                        16.2.2.оршин суух газар, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох;

 

                        16.2.3.хуваарьт хөрөнгөтэй байх;

 

                        16.2.4.дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

 
                        16.2.5. гэр бүлд бий болсон баялгийг тэгш хүртэх;
 

                        16.2.6.гэрлэгчдийн хэн нэг нь эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах ;

 

                        16.2.7.гэрлэгчид болон хамтран амьдрагчид Иргэний хуульд нийцүүлэн  гэрээ байгуулж болно. Гэрээнд дундын болон хуваарьт хөрөнгө, хөрөнгийн эрх, хуваарилалт, хөрөнгө хуваах журам, төрсөн болон үрчилж авсан, асран хамгаалж байгаа үр хүүхэдтэй бол түүнийг тэжээн тэтгэх, асрах, өсгөж хүмүүжүүлэх талаарх эрх үүргийг заавал тусгана.

 

            16.3.Гэрлэгчид дараах үүрэг хүлээнэ:

 
                        16.3.1.гэр бүлээ тогтвортой байлгах;
 

16.3.2.бие биедээ хүндэтгэлтэй хандах, халамжлах, дэмжиж туслах, тэжээн тэтгэх;

 

16.3.3. бие биедээ үнэнч байх;

 
16.3.4.гэр бүлийнхээ болон гэр бүлийн  гишүүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
 

16.3.5. гэр бүлийн гишүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй байх;

 
16.3.6.бие биенийхээ эрхийг зөрчихгүй байх;
 

16.3.7.хүүхдээ гэр бүлдээ эрүүл, өв тэгш өсгөн хүмүүжүүлэх, асран халамжлах;

 

16.3.8.гэр бүлийнхээ таатай амьдрах нөхцөлийг харилцан бүрдүүлэх; 

 
 
16.3.9.гэр бүлийн хуримтлалын сан үүсгэж арвижуулах;
 
16.3.10. угийн бичиг хөтлөх, өвлүүлэх;
 

16.3.11.гэр бүлийн дэвшилтэт уламжлал, соёл, ёс заншлыг өвлүүлэх, хамгаалах.

 

            16.5.Энэ хуулийн 16.3.8-д заасан угийн бичиг хөтлөх журмыг Засгийн газар батална.

 

            17 дугаар зүйл. Гэрлэлт дуусгавар болох үндэслэл

 

            17.1.Гэрлэгч нас барсан, эсхүл  түүнийг нас барсан, сураггүй алга болсонд тооцсон гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцно.

 

            17.2.Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.

 

            17.3.Гэрлэгчийн аль нэг нь гурваас дээш жил тусдаа амьдарсан, эсхүл гэрлэлтээ цуцлуулахаас зайлсхийсэн нь эхнэр, эсхүл нөхрийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй бол сонирхогч талын хүсэлтээр шүүх гэрлэлтийг дуусгавар болсонд тооцож болно.

 

            18 дугаар зүйл. Гэрлэлт цуцлах тухай шаардах эрхийг хязгаарлах

 

            18.1.Хуульд өөрөөр заагаагүй бол эхнэр нь жирэмсэн байх үед нөхөр нь, хүүхэд нь нэг нас хүрээгүй байхад  нөхөр буюу эхнэрийн аль нэг  нь, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд нөгөө тал нь тус тус  гэрлэлт цуцлахыг шаардах эрхгүй.

 

            18.2.Энэ хуулийн 18.1 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай үндэслэл бүхий гомдлыг эрх бүхий байгууллага шалгаж байгаа болон уг үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд хамаарахгүй.

 

            19 дүгээр зүйл. Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

 

            19.1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний улсын бүртгэлийнбайгууллага, албан тушаалтанд гаргана.

 

19.2.Иргэний улсын бүртгэлийнбайгууллага, албан тушаалтан энэ хуулийн 19.1-д заасан хүсэлтийг хянан үзэж,  30 хоногийн дотор гэрлэгчдийг байлцуулан гэрлэлтийг цуцалж, гэрлэлт цуцалсан тухай лавлагааг тус тусад нь олгоно.

 

            20 дугаар зүйл. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

 

            20.1.Энэ хуулийн 19.1-д  зааснаас бусад тохиолдолд  гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

            20.2.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гагцхүү дараах этгээд гаргах эрхтэй:

 
                        20.2.1.гэрлэгчид хамтдаа эсхүл гэрлэгчдийн аль нэг нь;
 

                        20.2.2.иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон нөхөр, эхнэрийн хууль ёсны асран хамгаалагч.

 

            20.3.Шүүх шаардлагатай гэж үзсэн, эсхүл Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32.1-д заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх дараах арга хэмжээг мөн хуульд заасны дагуу авна:

 

                        20.3.1.гэрлэгчидтэй ганцаарчлан болон хамт уулзаж, гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан үндэслэлтэй эсэхийг хянан үзэж, үр дагаврыг тайлбарлах;

 

                        20.3.2.өмгөөлөгч, нийгмийн ажилтан, гэр бүл судлаач, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж гэрлэгчдэд зөвлөгөө өгөх;

 

                        20.3.3.гэрлэгчдийг эвлэрүүлэхэд шаардлагатай сургалт, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах;

 

                        20.3.4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32.4-д  заасан  болон шаардлагатай бусад арга хэмжээ.

 

            20.4.Шүүх нь энэ хуулийн 20.3-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Уг арга хэмжээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

 

            20.5.Гэрлэгчид эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

 

            20.6.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзвэл шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц гэрлэлтийг цуцална.

 

            20.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-д заасан тохиолдолд шүүх энэ хуулийн 20.3-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

 

            20.8. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахаас өмнө ба цуцлуулах үед хүүхдээ хэн нэгнийхээ байнгын асрамжид үлдээх, хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлэхээр харилцан тохиролцоно.

 

20.9.Хүүхдийн асран хамгаалалтын асуудал маргаантай тохиолдолд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан байгууллагын шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ. Хүүхдийн аж амьдрал, нөхцөл байдалд шинжээч ажиллуулахыг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын баталсан журмаар зохицуулна.

 

20.10.Гэрлэлт цуцалсны дараагаар хүүхдийн эрх ашгийн үүднээс гэр бүлээ цуцлуулсан эцэг эх эерэг харилцаатай байж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд эвлэрүүлэн зуучлагч туслана.

 

20.11.Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах үед хүүхдийг болон хөдөлмөрийн чадваргүй нөхөр, эхнэрээ тэжээн тэтгэх, тэтгүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах асуудлаар харилцан тохиролцож болно.

 

            20.12.Гэрлэгчид энэ хуулийн 20.8-д заасны дагуу харилцан тохиролцоогүй бол шүүх шийдвэрлэнэ.

 

            20.13.Гэрлэлтийг цуцлахад гэр бүлийн төрсөн хүүхэд, үрчлэн авсан болон дагавар хүүхдийн эрх, ашиг сонирхол хуульд заасан хэвээр хадгалагдана.

 

            20.14.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хууль ёсны асран хамгаалалтын  асуудлыг шийдвэрлэхэд  түүний саналыг харгалзан үзнэ.

 

            20.12.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

 

            20.13.Шүүх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн бусад гишүүдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангана.

 

            20.14.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хагас жил тутам энэ хуулийн 19.3, 20.2-т заасан шүүхийн болон захиргааны журмаар цуцлагдсан гэр бүл,  асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон болон хүүхдийн тэтгэлэг тогтоосон талаарх тоон мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд хүргүүлнэ. 

 

            21 дүгээр зүйл. Гэрлэлт дуусгавар болох хугацаа

 

            21.1.Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж, энэ хуулийн 19.2-д заасан лавлагаа олгогдсон өдрөөс эхлэн гэрлэлтийн харилцаа дуусгавар болно.

 

            21.2.Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлтийн харилцаа дуусгавар болно.

 

            21.3.Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

            21.4.Иргэн гэрлэлт цуцлуулсанаа эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнээр гэрлэлт цуцлалт хүчин төгөлдөр болно.

 

            22 дугаар зүйл.Гэрлэлт сэргээх

 

            22.1.Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд эвлэрснээ илэрхийлж хамтран гаргасан өргөдлийг үндэслэн иргэний бүртгэлийн байгууллага   гэрлэлтийг сэргээж болно. 

 

            22.2.Шүүхээс сураггүй алга болсон гэж тооцсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй бол иргэний  бүртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээж болно.

 

            22.3.Гэрлэлтийн хугацааг гэрлэлт сэргээсэн өдрөөс үргэлжлүүлэн тооцно.

 

            23 дугаар зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

 

            23.1.Энэ хуулийн 12, 15 дугаар зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн бол гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад этгээдийн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын  нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

 

            23.2.Шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

 

            23.3.Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай  гэж зарлагдсан насанд хүрээгүй гэрлэгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл тэдгээр нь гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.

 

            24 дүгээр зүйл.Шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох        тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзах

 

            24.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, шалтгаан арилсан нь шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

 

            25 дугаар зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж                                                  тооцсоноос үүсэх үр дагавар

 

            25.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор уг гэрлэлт нь гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус байна.

 

            25.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь гэр бүлийн төрсөн хүүхэд, үрчлэн авсан болон дагавар хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй.

 

            25.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн дундаа хэсгээр өмчлөх тухай 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ.

 

            25.4.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

            25.5.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход энэ хуулийн 20.10, 20.13 дэх заалт нэгэн адил хамаарна.

 

            25.6.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан гэрлэгчдийн эрх, үүрэг үүсэхгүй.

 

            25.7.Хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчид болон хүүхдийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй.

 

            26 дугаар зүйл. Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох

 

            26.1.Гэрлэгчид бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ял эдлэхээс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн этгээдийн хүсэлтээр шүүх гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

 

            27 дугаар зүйл. Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж                           тооцсоноос үүсэх үр дагавар

 

            27.1.Гэрлэлт цуцлалт хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

            27.2.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд бусдад учирсан хохирлыг гэрлэгчдийн эд хөрөнгөөс Иргэний хуульд заасан журмаар гаргуулж нөхөн төлүүлэх бөгөөд бусад асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХДИЙН УРГИЙН ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН

 НЭР, НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙГ ТОГТООХ

 

            28 дугаар зүйл. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

 
            28.1.Гэр бүлд хүүхэд бүр тэгш эрхтэй байна.
 

28.2.Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу хамгаална.

 
28.3.Хүүхэд гэр бүл, эцэг эхтэйгээ хамт амьдрах нь түүний язгуур эрх мөн.
 

28.4.Гэр бүлд хүүхэд эрүүл, аюулгүй өсөн бойжих, хайрлуулах, хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, хуваарьт өмчтэй байх, өв залгамжлах  эрхтэй.

           

            29 дүгээр зүйл. Хүүхэд ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэртэй байх

 

            29.1.Хүүхэд ургын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэртэй байна. Эцэг, эх нь харилцан зөвшөөрсний үндсэн дээр хүүхэддээ нэр өгнө.

 

            29.2.Хүүхэд эцгийн овог, нэрийг авах бөгөөд эцэг, эх нь харилцан зөвшөөрсөн тохиолдолд эхийн овог, нэрийг авч болно.

 

            29.3.Эцэг нь тогтоогдоогүй бол эхийн  овог, нэрийг авна.

 

            29.4.Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг эцэг, эхийн нэрээр авч болно.

 

            29.5.Эцэг, эх нь тодорхойгүй хүүхдэд овог, нэр өгөх тухай журмыг хууль зүйн болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хамтран  батална.

 

            29.6.Хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр нь түүний нэр төр, гарал үүсэлд харшлахааргүй утга төгс байна.

 

29.7.Эцэг эхийн хэн нэг нь гадаадын харьяат бол хүүхэд гадаад эцэг эхийн овгийг авч болно. 

 

             30 дугаар зүйл. Хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх

 

            30.1.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг Иргэний иргэний улсын бүртгэлийнтухай хуулийн дагуу өөрчилж болно.

 

            30.2.Хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх тухай хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, 14 нас хүрсэн хүүхэд өөрөө оршин суугаа газрынхаа иргэний иргэний улсын бүртгэлийнасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

 

            30.3.Эцэг, эх нь тусдаа амьдардаг бол хүүхэдтэйгээ хамт амьдардаг эцэг /эх/ хүүхдийн  эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх тухай хүсэлт гаргахдаа нөгөө талын зөвшөөрлийг авсан байна.

 

            30.4.Дараах тохиолдолд нөгөө талын зөвшөөрлийг авахгүйгээр эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчилж болно:

 

                        30.4.1.хүүхэдтэй хамт амьдардаггүй эцэг буюу эхийн оршин суугаа газрыг тодорхойлох боломжгүй;

 

                        30.4.2.эцэг, эх байх эрхээ хасуулсан;

 

                        30.4.3.шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон;

 

                        30.4.4.хүүхдээ тэжээн тэтгэх болон хуульд заасан бусад үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн.

 

            30.5.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхдөө түүний саналыг авна.

 

            30.6.Хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэртэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

 

            31 дүгээр зүйл.Хүүхдийн эд хөрөнгийн эрх            

 

            31.1.Хүүхэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна.

 

            31.2.Хүүхдийн хуваарьт хөрөнгөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан хөрөнгөөс гадна дараах эд хөрөнгө, хөрөнгийн эрх хамаарна:

 

                        31.2.1.гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөсөө хүүхэддээ зориулан шилжүүлсэн эд хөрөнгө болон хүүхдийн нэр дээрх мөнгөн хуримтлал;

 

                        31.2.2.хүүхдэд зориулагдсан тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хишиг хувь, уг хөрөнгийн орлогоос бий болсон эд хөрөнгө;

 

                        31.2.3.хүүхдийн өөрийн хөдөлмөрийн хөлс, цалин, тэдгээрээр олж авсан хөрөнгө, шагнал урамшуулал, бэлэг;

 

                        31.2.4.хүүхдийн хувийнх нь хэрэгцээг хангахад зориулсан хувцас, сургуулийн болон биеийн тамирын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, хүүхдийн номын сан зэрэг хөрөнгө.

 

            31.3.Иргэний хуульд зааснаар хүүхэд хуваарьт хөрөнгөө насанд хүртлээ хадгалах, өв залгамжлах, өөрөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

 

            31.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн түүний боловсрол, эрүүл мэнд, хүмүүжил, соёлын хэрэгцээг хангахад зориулан захиран зарцуулж болно.

 

            31.5.Хүүхдийн хуваарьт хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хуримтлалыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн нэр дээр бүртгүүлэх, баталгаажуулах үүрэг хүлээнэ.

 

            31.6.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулах, тусдаа амьдрах үедээ тэдний хэн нэг нь хүүхдийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт эдлэлийг түүний эцэг, эсхүл эх,  бүтэн өнчин хүүхдийн үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тухайн хүүхдийг 18 насанд хүртэл худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулахыг хориглоно.

 

            31.7.Хүүхдийн үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын улмаас захиран зарцуулах тохиолдолд эцэг, эсхүл эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эсхүл хүүхэд өөрөө энэ тухай хүсэлтээ хүүхдийн оршин суугаа газрын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана.

 

            31.8.Хүүхдийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг оршин суугаа газрын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

            31.9.Энэ хуулийн 31.3, 31.4, 31.5, 31.6-д заасныг зөрчсөний улмаас хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохирол учирсан бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхээр гэр бүл, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд, эсхүл хүүхэд өөрөө Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 14 наснаас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            32 дугаар зүйл. Хүүхэд эцэг, эх бусад төрөл садантайгаа харилцах эрх

 

            32.1.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуульд зааснаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эх болон бусад төрөл, садантайгаа харилцах эрхтэй.

 

            32.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон болон тусдаа амьдардаг  зэрэг шалтгаанаар хүүхдийн энэхүү эрхийг хязгаарлахыг хориглоно.

 

            33 дугаар зүйл. Хүүхдийн бусад эрх

 

            33.1.Хүүхдийн бусад эрхийг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон бусад хуулиар тогтооно.

 

            34 дүгээр зүйл. Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоох

 

            34.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх нь өргөдөл гаргасан бол иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эцэг, эхийг тогтооно.

 

            35 дугаар зүйл. Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох

 

            35.1.Энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн нэхэмжлэлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

 

            35.2.Эцэг, эхийг тогтооход маргаан гарвал хариуцагчийг хүүхдийн эцэг, эхтэй дотно харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт,бусад баримтыг үндэслэнэ.

 

            35.3.Хүүхэд Монгол Улсын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.

 

            35.4.Гадаад улсын хуулиар Монгол Улсын иргэнтэй холбогдолтой эцэг, эх тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

 

            35.5.Гадаад улсад оршин сууж байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бол энэ хуулийн дагуу эцэг, эх тогтоолгох хүсэлтийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулийн газарт тавьж болно.

 

            35.6.Насанд хүрсэн хүн эцэг, эхээ тогтоолгох асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж болно.

 
ТАВДУГААР БҮЛЭГ

ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

 

            36 дугаар зүйл. Эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх

 

            36.1.Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.

 

            36.2.Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.

 

            36.3.Гэр бүлээ бүртгүүлж баталгаажуулснаар дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.

 

            36.4.Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн эцэг, эх, хүүхдийн хооронд үүсэх эрх, үүргийг тогтооно.

 

            36.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            37 дугаар зүйл. Насанд хүрээгүй эцэг, эхийн эрх, үүрэг

 

            37.1.Насанд хүрээгүй эцэг, эхийн дундаас хүүхэд төрснөөр, эсхүл хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь насанд хүрээгүй бол эцэг, эхийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            37.2.Насанд хүрээгүй эцэг, эхийг 18 нас хүртэл тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хамтран эцэг, эхийн үүрэг хүлээнэ.

 

            38 дугаар зүйл. Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг

 

            38.1.Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

 

            38.2. Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг хүүхдийн саналыг сонсож, харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Уг асуудлаар санал зөрвөл хүүхдэд ашигтай байх зарчмыг баримтална.

 

            38.3.Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ төрөөс дэмжлэг туслалцаа авах эрхтэй.

 
            38.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь дараах үүрэг хүлээнэ:
 

                        38.4.1.гэр бүлээ төлөвлөх, эрүүл хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт бойжилтыг тогтмол хянуулах;

                       

                        38.4.2.хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй, бие даасан орчинд өсгөн бойжуулах, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах;

 

                        38.4.3.бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд төлөвшүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх

 

                        38.4.4.энэ 16.3.10-т заасны дагуу угийн бичиг хөтөлж, хүүхдэдээ удам угсаагаа мэдүүлж, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг тайлбарлан таниулах;

 
 

                        38.4.5.төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг эзэмшүүлэх;

 

                        38.4.6.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

 

                        38.4.7.хүүхэддээ заавал суурь боловсрол эзэмшүүлэх, амьдрах арга ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх;

 

                        38.4.8.хүүхдээ эх оронч, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, ахмад настныг хүндэтгэх дадал, хандлага төлөвшүүлэх;

 

                        38.4.9.гэр бүлийн ёс заншил, сурган хүмүүжүүлэх уламжлалт 
арга ухааныг өвлүүлэх

 

38.4.10. байгаль, эх дэлхийгээ хайрлах үзлээр хүмүүжүүлэх;

 

                        38.4.11.хүүхдийнхээ эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, түүний дээд ашиг сонирхлыг эрхэмлэх зарчмыг баримтлан хуульд зааснаар төлөөлөх;

 
                        38.4.12.хууль тогтоомжид заасан бусад.
 

            38.5.Эцэг, эх, асран хамгаалагч нь Хүүхэд хамгааллын хуулийн 5 дугаар зүйлийн дагуу хүүхдээ хамгаалж, хүүхдэд бие махбод, сэтгэл санааны шийтгэл хэрэглэхгүй байх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд нь хохирол учруулах, сурч боловсрох эрхийг нь хязгаарлах, хэрцгий хандах, нэр төрийг гутаасан харилцаа, доромжлол болон айдас түгшүүрт байдалд байлгах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих болон бусад арга, хэлбэрээр эцэг, эх, асран хамгаалагч  байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалт гэр бүлийн бусад гишүүдэд мөн адил үйлчилнэ.

 

            38.6.Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эхэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            38.7.Эцэг, эх үүргээ биелүүлэхэд нь төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:

 

                        38.7.1.гэр бүлийн харилцааны үнэт зүйлсийг бий болгож, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хүүхэдтэй зүй бус харьцахаас сэргийлэх, хүмүүжлийн эерэг аргыг түгээх, гэр бүлийн боловсролд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх;

 

                        38.7.2.гэр бүлийн хямралтай, маргаантай асуудлыг зөвшилцөж шийдвэрлэх ур чадвар олгох, архи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисоос хамааралтай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй ажиллах тусгай үйлчилгээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

 

                  38.7.3.сайн дурын сургалт, амьдрах ур чадварын болон  боловсрол, мэргэжил олгох сургалт, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлэх;

 

                        38.7.4.эрх зүй, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх;

 

                        38.7.5.гэр,орон сууц худалдан авах, барих, түрээслэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлд хамруулах;

 

                        38.7.6.өрхийн амьжиргааг дэмжих, бичил зээл тусламж олгох;

 

                        38.7.7.бусад шаардлагатай дэмжлэг, туслалцаа.

 

            39 дүгээр зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

                                                хамгаалах эцэг, эхийн эрх, үүрэг

 

            39.1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ. Хүүхдийн хууль ёсны төлөөлөгч нь тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байх бөгөөд түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар аливаа хувь хүн, хуулийн этгээдтэй тусгайлан олгосон эрх, итгэмжлэлгүйгээр харилцана.

 

            39.2.Хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангаж чадахгүй гэж үзвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчөөр өөр этгээдийг томилуулах арга хэмжээ авна.

 
            40 дугаар зүйл. Хүүхдээс тусдаа амьдарч байгаа

                                                            эцэг, эхийн эрх, үүрэг

 

            40.1.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тусдаа амьдарч байгаа нь энэ хуульд заасан эцэг, эхийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

            40.2.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан, хамтран амьдарч байсан эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа хэн нэгнийхээ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно.

 

            40.3.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан, хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа ч харилцан зөвшилцөж  эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ байгуулна.

 
            40.4.Энэ хуулийн 40.3-т заасан гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
 

            40.5.Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд  буруутай  эцэг, эхэд хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.

 

            41 дүгээр зүйл. Эцэг, эхийн эрхийг хамгаалах

 

            41.1.Эцэг, эх нь хүүхэдтэй холбоотой энэ хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж болно.

 

            41.2.Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан этгээдээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй.

 

            41.3.Энэ хуулийн 45.2-т заасан асуудлаар маргаан гарсан тохиолдолд эцэг, эх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй.

 

            42 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах

 

            42.1.Хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан, эсхүл хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсхүл хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар хуулиар үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн хүний эцэг, эх байх эрхийг шүүх нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хязгаарлаж болно.

 

            42.2.Шүүх энэ хуулийн 42.1-д заасны дагуу шийдвэр гаргахдаа дараахь  нөхцөл байдал, баримт, мэдээллийг харгалзан үзнэ:

                       

                        42.2.1.хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тогтоосон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

                       

                        42.2.2.хүүхдийн эсрэг зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай баримт, мэдээлэл;

                       

                        42.2.3.хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан эсэх талаар хүүхдийн эрхийн ажилтны тодорхойлолт, нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт зэрэг баримт бичиг;

                       

                        42.2.4.хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тэжээн тэтгэх үүргээс биелүүлэхээс зайлсхийсэн талаар хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлд холбогдох баримт, мэдээлэл;

                       

                        42.2.5.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг буюу донтсон талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт, дүгнэлт зэрэг баримт, бичиг;

                       

                        42.2.6.гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ хуулийн 3.1.4-д заасан этгээдийн хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болох бодит үндэслэл байгаа талаархи  баримт, мэдээлэл;

 

            42.3.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг тухайн хүүхдийн эцэг буюу эх, эсхүл түүний төрөл, садангийн хүн, эсхүл хуульд заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгч, түүний эрхийг шилжүүлэн эдлэх эрх бүхий этгээд шүүхэд гаргана.

 

            43 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар

 

            43.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээд уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хууль тогтоомжоор олгосон бусад эрхээ алдана.

 

            43.2.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээдээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

 

            43.3.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүх дараах арга хэмжээг авна:

 

                        43.3.1.төрөл, садангийн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

 

                        43.3.2.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын асран хамгаалалтад шилжүүлэх.

 

            43.4.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь  хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараах арга хэмжээ авна:

 

                        43.4.1.хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний гэр бүлд түр шилжүүлэх;

 

                        43.4.2.энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.4.1-д заасны дагуу асран хамгаалах боломжгүй бол асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх.

 

            43.5.Энэ хуулийн 43.4-т заасан тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардал болон хүүхдэд учирсан хохирлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буруутай этгээдээр гаргуулах арга хэмжээ авна. Энэ асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

 

            43.6.Энэ хуулийн 43.1-д заасан нөхцөл байдал арилаагүй, эсхүл хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал  хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн ажилтан, хүүхдийн элч тухайн этгээдийн эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

 

            43.7.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээдийн хүүхдийн эрх, ашиг сонирхол хэвээр үлдэнэ.

 

            44 дүгээр зүйл. Эцэг, эх байх эрх хязгаарласныг                                             хүчингүй болсонд тооцох

 

            44.1.Энэ хуулийн 43.1-д заасан нөхцөл байдал арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээдийн хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.

 

            44.2.Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

 

            45 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг хасах

 

            45.1.Хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахайн зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээр тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр байнга эрхлүүлсэн, гуйланчлалд оруулсан, хүүхдээ эрүүл, аюулгүй, найдвартай орчинд өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг этгээдийн эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

 

            45.2.Эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу  эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

            45.3.Эцэг, эх байх эрхийг хассан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор шүүх иргэний улсын бүртгэлийнболон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад  хүргүүлнэ.

 
 

            46.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хууль тогтоомжоор олгосон бусад эрхээ алдана.

 

            46.2.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх дараах арга хэмжээг авна:

 

                        46.2.1.төрөл, садангийн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

 

                        46.2.2.гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны асран хамгаалалтад шилжүүлэх;

 

            46.3.гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараах арга хэмжээг авна:

 

                        46.3.1.хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний гэр бүлд шилжүүлэх;

 

                        46.3.2.хүүхдийг үрчлүүлэх;

 

                        46.3.3.энэ хуулийн 46.2.1, 46.3.1, 46.3.2-т заасны дагуу хүүхдийг асран хамгаалуулах боломжгүй бол асрамж, халамжийн үйлчилгээнд шилжүүлэх.

 

            46.4.Шүүх эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

 

46.5.Эцэг, эхийн хэн нэг нь болон хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрх хэвээр хадгалагдана. Хүүхдийн эд хөрөнгийн эрхийг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанхамгаална.

 

            46.6.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдийн хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

 

            46.7.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

           

47 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан этгээдийг албадан сургалтад хамруулах

 

            47.1.Энэ хуулийн 46, 49 дүгээр зүйлд заасны дагуу эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц уг этгээдийг албадан сургалтад хамруулна.

 

            47.2.Албадан сургалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохион байгуулна.

 

            47.3.Албадан сургалтын хөтөлбөр,  зохион байгуулах журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

            47.4.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан этгээдийн эрхийг сэргээхдээ албадан сургалтад хамрагдсан эсэхийг үндэслэл болгоно.

 

            48 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг сэргээх

 

            48.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдийн эцэг, эх байх эрхээ сэргээлгэх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.

 

            48.2.Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.

 

            48.3.Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй. Хэрэв хүүхэд  долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

 

            49 дүгээр зүйл. Хүүхдийг асран хүмүүжүүлэхтэй холбоотой  маргааны талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлэх

 

            49.1.Хүүхдийг асран хүмүүжүүлэхтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлнэ. Эцэг, эх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулбал хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

            49.2.Хүүхдийг буцааж авах болон өөр этгээдэд шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхдээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч, хүүхдийг шилжүүлж буй иргэн, цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулна. 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ТЭЖЭЭН ТЭТГЭХ, ТЭТГҮҮЛЭХ
 
 

            50.1.Тэжээн тэтгүүлэх этгээд тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас эхлэн хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 
            51 дүгээр зүйл.Тэжээн тэтгэх үүрэг
 

            51.1.Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхэд эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 
            52 дугаар зүйл. Гэрлэгчдийн харилцан бие биенээ                                                          тэжээн тэтгэх үүрэг
 

            52.1.Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

            52.2.Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            52.3.Тэтгэлэг төлөгчийн орлогыг нь тодорхойлох боломжгүй бол хүн амын амьжиргааны доод түвшнээс багагүй байхаар тэтгэлгийн хэмжээг тогтооно.

 

            53 дугаар зүйл. Гэрлэлтээ цуцлуулсан нөхөр буюу эхнэрийн                                                 тэжээн тэтгүүлэх эрх үргэлжлэх

 

            53.1.Гэрлэлтээ цуцлуулсан нөхөр буюу эхнэр дараах тохиолдолд тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

 

                        53.1.1.төрсөн болон үрчлэн авсан 3 нас хүрээгүй хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй бол;

 

                        53.1.2.хөгжлийн бэрхшээлтэй төрсөн буюу үрчлэн авсан хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй бол;

 

                        53.1.3.гэрлэлт цуцлахаас өмнө эсхүл гэрлэлт цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн бол;

 

                        53.1.4.гэрлэгчид 10-аас дээш жил хамт амьдарсан бөгөөд гэрлэлт цуцлуулах үед тэтгэвэрт гарах насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол.

 

            53.2.Шүүх гэрлэлтээ цуцлуулсан этгээдийн эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай гэж үзвэл тэтгэлгийг энэ хуулийн 56.3-т заасны дагуу тогтооно.

 

            54 дүгээр зүйл. Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг

 

            54.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

            54.2.Эцэг, эх нь харилцан тохиролцож, хүүхдээ тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

 

            54.3.Эцэг, эх нь энэ хуулийн 54.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол дараах этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

 

                        54.3.1.эцэг эсхүл эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч;

 

                        54.3.2.төрөл, садангийн хүн;

 

                        54.3.3.эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсон хүүхэд өөрөө;

 

                        54.3.4.гэр бүл, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд.

 

            54.4.Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзах нь хариуцагчийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            55 дугаар зүйл.Тэтгэлгийн хэмжээ

           

            55.1.Эцэг, эх нь хүүхэддээ 18 нас хүртэл тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулаагүй бол эцэг, эхээс сар бүр гаргуулах тэтгэлгийн хэмжээг шүүх тогтооно. Тэтгэлгийн хэмжээ нь эцэг, эхийн  цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнчлэн ногдол ашиг, зээлийн болон  хадгаламжийн хүү, түрээсийн орлогын  дүнгээс  нэг хүүхдэд 30 хувь, хоёр хүүхдэд 40 хувь, гурав буюу түүнээс дээш хүүхдэд 50 хувь байхаар тогтооно.

 

            55.2.Тэтгэлэг хариуцагчийн орлогыг нь тодорхойлох боломжгүй бол шүүх тэтгэлгийн хэмжээг хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хэрэгцээг харгалзан тогтооно.

           

            55.3.Гэрлэгчид харилцан бие биеэ, түүнчлэн төрөл садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлгийн хэмжээ нь хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

 

            55.4.Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

            55.5.Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ болон цалин хөлсний хэмжээ өөрчлөгдөхөд мөнгөн дүнгээр тогтоосон тэтгэлгийн хэмжээ өөрчлөгдөнө.

 

            56 дугаар зүйл. Хүүхдэд олгох тэтгэлгийн хэлбэр, хугацаа, зориулалт

 

            56.1.Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:

 

                        56.1.1.мөнгөн хэлбэрээр;

                        56.1.2.эд хөрөнгөөр.

 

            56.2.Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно:

 

                        56.2.1.сар, улирал, хагас жил, жилээр;

                        56.2.2.нэг удаа.

 

            56.3.Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнчлэн ногдол ашиг, зээл, хадгаламжийн хүү, түрээсийн орлогыг олгож байгаа этгээд тэтгэлэг төлөгчийн зөвшөөрснөөр, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсаны дагуу суутгал хийж, тэтгэлэг авагч буюу түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй.

 

            56.4.Тэтгэлгийг хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед тухайн хөрөнгөөс эсхүл бусад хэлбэрээр олгож болно.

 

            56.5.Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

 

            56.6.Тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, ажилтан түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

           

            57 дугаар зүйл.Бусдын асран хамгаалалт, харгалзан                                             дэмжлэгт байгаа хүүхдийн тэтгэлэг

 

            57.1.Бусдын асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хувь хишиг, бусад олговрын 50 хувийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, үлдэх хэсгийг хүүхдийн нэр дээр хадгаламжийн дансанд шилжүүлнэ. 

 

            57.2.Асрамж, халамжийн үйлчилгээнд байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хувь хишиг, бусад олговрыг хүүхдийн нэр дээр хадгаламжийн дансанд 100 хувь шилжүүлнэ.

 

            57.3.Энэ хуулийн 57.1, 57.2-т заасан хүүхдийн тэтгэлгийн зарцуулалтад хяналт тавих журмыг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална. 

 

            58 дугаар зүйл.Эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг

 

            58.1.Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

 

            58.2.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй  бол хөдөлмөрийн чадваргүй, тусламж шаардлагатай эцэг, эхэд шүүхийн журмаар тэтгэлэг тогтооно.

 

            58.3.Энэ хуулийн 58.1-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн этгээд байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт өөрөөр тогтоож болно. Хэд хэдэн тэжээн тэтгэгч байгаагаас үл хамааран тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 55.3-т заасан хэмжээнээс багагүй байна.

 

            58.4.Эцэг, эх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн болон хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан нь шүүхээр тогтоогдсон эсхүл эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхэд хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхэд тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөж болно.

 

            59 дүгээр зүйл. Төрөл, садангийн хүмүүс харилцан бие                                                       биеэ тэжээн тэтгэх үүрэг

 

            59.1.Бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эх, хойт эцэг нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

            59.2.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

            59.3.Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

            59.4.Энэ хуулийн 59.1, 59.2, 59.3-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн этгээд байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт өөрөөр тогтоож болно. Хэд хэдэн тэжээн тэтгэгч байгаагаас үл хамааран тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 55.3-т заасан хэмжээнээс багагүй байна.

 

            60 дугаар зүйл. Тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэгбуюу зардал гаргуулах

 

            60.1.Тэжээн тэтгүүлэгч хүндээр өвчилсөн, осолд орсон, хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг гэнэтийн болон онцгой нөхцөл байдал тохиолдсон үед тэтгэлэг төлөгчөөр нэмэлт тэтгэлэг тогтоолгох буюу зардлыг хариуцуулахаар эцэг, эх, төрөл, садангийн хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хуулийн этгээд эсхүл гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхэд өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

 

            60.2.Нэмэлт тэтгэлэг буюу зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн санхүүгийн чадвар, тэтгүүлэгчийн бодит шаардлагад нийцсэн байна.

 

            60.3.Энэ хуулийн 60.1-д заасан тэжээн тэтгүүлэгчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нэмэлт тэтгэлэг буюу зардлыг зогсоох тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            61 дүгээр зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх,                                                             цуцлах, хүчингүйд тооцох

 

            61.1.Тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг тогтоосон тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

 

            61.2.Тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

            61.3.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах болон гэрээний хүчин төгөлдөр бус асуудлыг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

 

            61.4.Тэжээн тэтгэх тухай гэрээг талуудын харилцан тохиролцсоноор өөрчилж, цуцалж болно. Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог үндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.

 

            61.5.Тэжээн тэтгэх гэрээг гэрээний аль нэг талд илтэд хохиролтой хийхийг хориглоно.

 

            61.6.Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхдээ талуудын эд хөрөнгийн болон гэр бүлийн байдал, тэдгээрийн ашиг сонирхолыг харгалзан үзнэ.

 

            62 дугаар зүйл. Тэтгэлэг авагчийн ашиг сонирхлыг зөрчсөн тэжээн                                                        тэтгэх тухай гэрээг хүчингүйд тооцох

 

            62.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ нь хүүхэд эсхүл гэр бүлийн насанд хүрсэн эрх зүйн чадамжгүй гишүүний ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн бол тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтаншүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            63 дугаар зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээгээр төлөх тэтгэлгийн хэмжээ

 

            63.1.Тэтгэлгийн хэмжээг талууд тэжээн тэтгэх тухай гэрээгээр тогтооно. Тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 55.3-т заасан хэмжээнээс багагүй байна.

 

            63.2.Талууд тохиролцож тэтгэлгийн хэмжээг өөрчилж болно.

 

            64 дүгээр зүйл. Гэрээгээр төлөх тэтгэлгийн хэлбэр

 

            64.1.Тэжээн тэтгэх тухай гэрээгээр тэтгэлгийг төлөх хэлбэр, хугацааг тодорхойлно.

 

            64.2.Тэтгэлэг төлөгч нь тэтгэлгийг дараах хэлбэрээр олгож болно:

 

                        64.2.1.цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, ногдол ашиг, зээл, хадгаламжийн хүү, түрээсийн орлогын тодорхой хувиар;

 

                        64.2.2.тодорхой хугацаанд тогтмол төлөх мөнгөн дүнгээр;

 

                        64.2.3.нэг удаа төлөх мөнгөн дүнгээр;

 

                        64.2.4.эд хөрөнгөөр;

 

                        64.2.5.харилцан тохиролцсон бусад хэлбэр.

 

            64.3.Тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлэг төлөх хэд хэдэн хэлбэрийг хослуулан тогтоож болно.

 

            64.4.Хүн амын амьжиргааны түвшингийн доод хэмжээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөс хамаарч мөнгөн дүнгээр тогтоосон тэтгэлгийн хэмжээ өөрчлөгдөх талаар тэжээн тэтгэх тухай гэрээнд тусгаагүй бол энэ хуулийн 55.5-д заасныг баримтална.

 

            64.5.Тэтгэлгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Эд хөрөнгөөр тэтгэлэг төлөгдсөн тохиолдолд тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр давхардуулан авахгүй.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХ, ГАРГУУЛАХ ЖУРАМ

 
            65 дугаар зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээгээр тэтгэлгийг төлөх
 

            65.1.Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэтгэлэг авагч талын хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.

 

            66 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрээр тэтгэлгийг гаргуулах

 

           66.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол энэ хуулийн 57, 58, 59, 63, 64 дүгээр зүйлд заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.        

 

            66.2.Хүүхдийн тэтгэлэг төлөх талаар гарсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

 

            67 дугаар зүйл. Тэтгэлгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа

 

            67.1.Тэтгэлэг авах эрх бүхий этгээд тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд хэдийд ч гаргаж болно.

 

            67.2.Тэтгэлэг авах эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргахаас өмнөх таван жилийн  хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шаардах эрхтэй. 

 

            68 дугаар зүйл. Тэтгэлэгтэй холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх                                                талаар шүүхээс авах урьдчилсан арга хэмжээ

 

            68.1.Шүүх тэтгэлэгтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, гэрлэгчид хэн нэгийгээ тэжээн тэтгэх тэтгэлгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг баталгаажуулах урьдчилсан арга хэмжээг шүүгчийн захирамжаар авч болно.

 

68.2.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх албанд шүүх шууд гардуулна.

 

            68.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэн даруй явуулна.

 

  69 дүгээр зүйл.Тэтгэлэг төлөгч, тэтгэлгийн суутгал хийх талаарх ажил олгогч болон бусад этгээдийн үүрэг

 

69.1. Хүүхдийн тэтгэлэг төлөгч тогтоосон тэтгэлгийн хэмжээгээр нөхөн төлбөрийг сар болгон хүүхдийн тэтгэлгийн санд шууд шилжүүлэх үүрэгтэй.

 

69.2. Ажил олгогч нь тэтгэлэг төлөх тухай гэрээг эсхүл шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн тэтгэлэг төлөгчийн цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос сар тутам тэтгэлгийг суутган, ажлын гурав хоногийн дотор энэ хуулийн 70 дугаар зүйл заасан хүүхдийн тэтгэлгийн санд шилжүүлэх үүрэгтэй.

 

            69.3. Ажил олгогч нь тэтгэлэг төлөгчийн ажил, албан тушаал өөрчлөгдсөн, өөр ажилд шилжсэн, ажлаас халагдсан тохиолдолд тэтгэлэг авагч болон харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажлын гурав хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

 

            69.3. Тэтгэлэг төлөгч нь энэ хуулийн 73.2-т заасан болон оршин суугаа газрын хаяг өөрчлөгдсөн, эсхүл гадаад улсад байнга оршин суухаар явах болсноо ажлын гурав хоногийн дотор харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэтгэлэг авагчид мэдэгдэх үүрэгтэй.

 

            69.4. Хүндэтгэх шалтгаангүйгээр энэ хуулийн 69.2, 69.3-т заасны дагуу мэдэгдээгүй бол буруутай албан тушаалтан болон тэтгэлэг төлөгчид хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

            69.5. Ногдол ашиг, зээл, хадгаламжийн хүү, түрээсийн орлого олгож буй аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуулийн 69.2, 69.3 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

 

70 дугаар  зүйл. Тэтгэлгийн сан, тэтгэлгийн нөхөн төлөлт

 

      70.1.Хүүхдийн тэтгэлгийг тэтгэлэг төлөгчөөс Хүүхдийн тэтгэлгийн санд нөхөн төлбөр хэлбэрээр төвлөрүүлж, хүүхдэд сангаар дамжуулан олгоно.

 

70.2.Хүүхдийн тэтгэлийн сан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяалалд байна.

 

70.3. Хүүхдийн тэтгэлгийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

                        70.3.1.гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулсан тэтгэлэг төлөгчийн нөхөн төлбөр

 

                        70.3.2.гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэсэн шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлөхөөр тогтоогдсон тэтгэлэг төлөгчийн нөхөн төлбөр

 

                        70.3.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тэтгэлэг төлөгчийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд зааснаас бусад хөрөнгө, орлогоос гаргуулсан нөхөн төлбөр

 

70.3.4.нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй тэтгэлэг төлөгчийн  эд хөрөнгийг улсын орлого болгож төвлөрүүлсэн орлогоос

 

70.3.5.төлбөрийн чадваргүй тэтгэлэг төлөгчийг албадан хөдөлмөр эрхлэлтээс орсон орлогоос авах нөхөн төлбөр

           

70.3. Хүүхдийн тэтгэлгийн санг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр байгуулж, сангийн зарцуулах журмыг Засгийн газар батална.

 

            70.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр тэтгэлэг төлөгчөөс нөхөн гаргуулж, хүүхдийн тэтгэлгийн санд шилжүүлнэ.

 

      71 дүгээр зүйл. Гадаад улсад байнга оршин суугч Монгол Улсын                                                       иргэн тэтгэлэг төлөх 

 

            71.1.Тэтгэлэг төлөгч гадаад улсад байнга оршин суухаар явах тохиолдолд тэтгэлэг төлөх хугацаа, хэмжээ, хэлбэр болон бусад нөхцөлийг тохиролцож тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулах үүрэгтэй.

 

            71.2.Энэ хуулийн 71.1-д заасан гэрээг байгуулахаас татгалзсан, санаатайгаар зайлсхийсэн бол талуудын хэн нэг нь шүүхэд хандах эрхтэй.

 

            72 дугаар зүйл.Шүүхээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх                                                     болон тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх

 

            72.1.Тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд шүүхийн журмаар тэтгэлгийн хэмжээг тогтоосны дараа талуудын хэн нэгний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдал өөрчлөгдсөн бол шүүх талуудын аль нэгний шаардлагаар тэтгэлгийн хэмжээг өөрчилж болно.

 

            72.2.Насанд хүрсэн тэтгэлэг авагч этгээд тэтгэлэг төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, гэм хор учруулсан бол шүүх тэтгэлэг гаргуулахаас татгалзах буюу тэтгэлэг төлөхийг зогсоож болно. 

 

            72.3.Тэтгэлэг авагч нь согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол шүүх тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болно.

 

            72.4.Тэтгэлэг авагч нь тэтгэлэг төлөгч, түүний гэр бүлийн гишүүнийг байнгын хүчирхийлэл дарамтанд оруулж, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, учруулахаар завдсан нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлнө.

 

            72.5.Тэтгэлэг төлөгч бага орлоготой, хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлэг төлөгчийн хүсэлтээр тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.

 

            73 дугаар зүйл.Тэтгэлгийг нөхөн төлөхөөс чөлөөлөх

 

            73.1.Талууд харилцан тохиролцож, тэтгэлгийг нөхөн төлөхөөс чөлөөлөх, эсхүл түүний хэмжээг багасган тогтоож болно. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд төлөх тэтгэлэгт үл хамаарна.

 

            73.2.Тэтгэлэг төлөгч этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэтгэлэг төлөөгүй болох нь тогтоогдсон, мөн түүний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлаас шалтгаалж тэтгэлгийг нөхөн төлөх боломжгүй гэж шүүх үзвэл энэхүү тэтгэлгийн хэмжээг багасгах буюу чөлөөлж болно.

 

            74 дүгээр зүйл.Тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох

 

            74.1.Дараах тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно:

 

                        74.1.1.тэжээн тэтгэх тухай гэрээний хугацаа дууссан;

 

                        74.1.2.тэтгүүлэгч гэрлэсэн;

 

                        74.1.3.тэтгүүлэгч хөдөлмөрийн чадвартай болсон;

 

                        74.1.4.тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн;

 

                        74.1.5.тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн эсхүл иргэний эрх зүйн бүрэн  чадамжтай гэж  тооцогдсон;

                       

                        74.1.6.насанд хүрсэн тэтгүүлэгч өөрөө тэжээн тэтгүүлэхээс татгалзсан;

 

                       74.1.7.тэтгэгч эсхүл тэтгүүлэгч нас барсан.

 
 

НАЙМДУГААР БҮЛЭГ

АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ

 
 

            75.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүн нь хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалахад энэ бүлэг хамаарахгүй.

 

            75.2.Гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдарч байгаа асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдээ буюу хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүнээ асран хамгаалах, харгалзан дэмжихэд энэ бүлгийн асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг зохицуулсан гэрээтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэж болно.

 
            76 дугаар зүйл. Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт                                                                   хамрагдах хүн
 
            76.1.Дараах хүнийг асран хамгаална:
 

                        76.1.1.14 нас хүрээгүй бүтэн өнчин хүүхэд;

 

                        76.1.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний бага насны хүүхэд;

 

                        76.1.3.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний 14 нас хүрээгүй хүүхэд;

 

                        76.1.4.эцэг, эх нь удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хүнд  өвчтэй, бусдын асрамжид байдаг, гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй хүний 14 нас хүрээгүй хүүхэд;

 

                        76.1.5.хорих газарт ял эдэлж байгаа хүний, өөр асран хамгаалагчгүй 14 нас хүрээгүйхүүхэд;

 

                        76.1.6.эцэг, эх, асран хамгаалагч нь тодорхойгүй, түүнийг олж тогтоох боломжгүйгээс асран хамгаалалтгүй байгаа 14 нас хүрээгүй хүүхэд; 

 

                        76.1.7.сэтгэцийн өвчний улмаас шүүхээс эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн.

 

            76.2.Дараах хүнийг харгалзан дэмжинэ:

 

                        76.2.1.насанд хүрээгүй /14-18 нас/ бүтэн өнчин хүүхэд;

 

                        76.2.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний насанд хүрээгүй хүүхэд;

 

                        76.2.3.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд;

 

                        76.2.4.эцэг, эх нь удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хүнд  өвчтэй, бусдын асрамжид байдаг, гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй хүний насанд хүрээгүй хүүхэд;

 

                        76.2.5.хорих газарт ял эдэлж байгаа хүний, өөр харгалзан дэмжигчгүй  насанд хүрээгүй хүүхэд;

 

                        76.2.6.эцэг эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, түүнийг олж тогтоох боломжгүйгээс харгалзан дэмжлэггүй болсон насанд хүрээгүй хүүхэд; 

 

                        76.2.7.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэсний улмаас эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;

 

                        76.2.8.эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн.

 

            76.3.Ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооно. Шаардлагатай гэж үзвэл хүүхдийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн өөр, өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож болно.

 

            77 дугаар зүйл.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх

 

            77.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн дараах эрхтэй:

           

                        77.1.1.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлтэй хамт амьдрах;

 
                        77.1.2.аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах;
 
                        77.1.3.сурч боловсрох нөхцөлөөр хангуулах;
 

                        77.1.4.хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хишиг хувь болон бусад олговор авах;

 

                        77.1.5.барилга байгууламж, орон сууц, газар, хашаа, гэр өмчлөх, эзэмших эрхээ хэвээр хадгалах;

 
                        77.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
 

            78 дугаар зүйл. Асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй                                                      болсон хүнийг илрүүлэх, бүртгэх

 

            78.1.Асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон хүний тухай мэдээллийг иргэн, холбогдох албан тушаалтан тухайн этгээдийн оршин суугаа газрын Засаг дарга, нийгмийн ажилтан, гэр бүл, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага болон  цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

 

            78.2.Энэ хуулийн 76.1-д заасан мэдээллийг хүлээн авсан гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоож, хамгаалах арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авна.   

 

            79 дүгээр зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийн                                                          хэлбэр, тогтоох журам

 

            79.1.Энэ хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн эсхүл асран хамгаалалт харгалзан дэмжлэг тогтоолгох тухай гэр бүл, иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийг асран хамгаалалт харгалзан дэмжлэгт хамруулна.

 

            79.2.Сум, дүүрэг, баг, хорооны хамтарсан баг энэ хуулийн 77.1-д заасан этгээдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гарган тухайн этгээдийн харьяалах Засаг даргад хүргүүлнэ.

 

            79.3.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн  77.2-т заасан дүгнэлтийг үндэслэн дараах арга хэмжээ авна:

                       

                        79.3.1.төрөл, садангийн хүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

 

                        79.3.2.хүсэлт гаргасан иргэний гэр бүлд асран хамгаалуулах харгалзан дэмжүүлэхээр гэрээний үндсэн дээр шилжүүлэх;

 

                        79.3.3.асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох боломжгүй, асран халамжпагчгүй хүнийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх;

 

                        79.3.3.асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох боломжгүй, сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон асран халамжлагчгүй хүнийг асран халамжлах үйлчилгээнд  шилжүүлэх;

 

                        79.3.4.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүнийг эрүүл мэндийн болон асрамж халамжийн байгууллагад шилжүүлэх.

 

            79.4.Сум, дүүргийн засаг дарга энэ хуулийн 77.3-т заасан арга хэмжээг авахдаа асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг тогтоож, гэрээ байгуулан хяналт тавина.

 

            79.5.Сум, дүүрэг, баг хорооны хамтарсан баг асрамж дэмжлэгт байгаа хүн бүрт хувийн хэрэг нээж хөтөлнө. Хувийн хэрэгт нөхцөл байдлын үнэлгээ, асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт холбогдох гэрээ болон шаардлагатай бусад бичг баримтыг хавсаргана.

 

            79.6.Эрүүл мэндийн байдал, өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлж чадахгүй болсон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид байсан хүнд шинээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохдоо энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална.    

 

            79.7.Тухайн шатны гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас болж асрамж, дэмжлэгт байгаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

 

            79.8.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.

 

            79.9.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

 

            79.10.Энэ хуулийн 77.3-д зааснаас бусад иргэн, хуулийн этгээд нь эцэг, эх, асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон хүнийг аливаа асрамж дэмжлэгт хамруулахгүй.

 

            80 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр                                                       тогтоохыг хориглох

 

            80.1.Дор дурдсан хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглоно:

 
            80.1.1.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан;
 

            80.1.2.өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа;

 

            80.1.3.мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг;

           

            80.1.4.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн;

 

            80.1.5.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;

 

            80.1.6.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;

 

            80.1.7.асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байсан хүнийхээ эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон.

 

            81 дүгээр зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг,                                                                 хориглох зүйл

           

            81.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 39, 40 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

 

                        81.1.1.сурах, ажил эрхлэх байдлыг нь тасалдуулахгүй байх;

 

                        81.1.2.асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

           

                        81.1.3.асрамж, дэмжлэгт байгаа хүнд олгогдох цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг түүнтэй адилтгах бусад орлогыг энэ хуулийн 57.1, 57.2-т заасны дагуу шилжүүлэх,

 

                        81.1.4.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх;          

           

                        81.1.5.хүлээсэн үүргийнхээ талаар гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох  албан тушаалтанд гэрээнд заасан хугацаанд мэдэгдэх.

 

            81.2.Хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 89.1-д заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа хүний ашиг сонирхол, саналыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.

 

            81.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үйлдэл хийхийг хориглоно:

                       

                        81.3.1.асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх;

 

                        81.3.2.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;

 

                        81.3.3.асрамж, дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг хүнийг төлөөлөх;

 

                        81.3.4.шүүхийн шийдвэргүйгээр асрамж, дэмжлэгтээ байгаа хүний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;

 

                        81.3.5.асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;

 

                        81.3.6.асрамж, дэмжлэгт байгаа хүний эрхэлж байгаа аж ахуйн үйл ажиллагааг зогсоох буюу түүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх.

 

82 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих талаар гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг 

 

82.1.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллага, албан тушаалтан асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

           

                        82.1.1.асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;

 

                        82.1.2.асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх шийдвэр гаргах;

 

                        82.1.3.асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх;

           

            82.1.4.хувийн хэрэгт асрамж, дэмжлэг тогтоосон тухай  шийдвэр, эрүүл мэндийн талаархи эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;

 

                        82.1.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж, биелэлтийг нь шалгах;

 

                        82.1.6.асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;

 

82.1.7.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас асрамж, дэмжлэгт байгаа хүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах.

 

                         83 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн                                                үйл ажиллагаанд хяналт тавих

 

            83.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөл дор дурдсан журмаар хяналт тавина:

 

            83.1.1.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон баримт бичигтэй танилцах;

 

                        83.1.2.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулж, түүний бүрэн бүтэн байдал, асрамж, дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлийг шалгах.

 

83.2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа байгууллага, иргэн холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана.  

      

            84 дүгээр зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих эрх,                                                     үүрэг дуусгавар болох

 

            84.1.Асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            84.2.Дараах тохиолдолд асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно:

 

                        84.2.1.асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан;

 

                        84.2.2.хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн;

 
                        84.2.3.харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн;
 

                        84.2.4.асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргасан хүсэлт шийдэгдсэн;

 

                        84.2.5.шүүхийн шийдвэрээр харгалзан дэмжүүлэгчийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон;

 

                        84.2.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан.

 

            84.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх ашгийг зөрчсөн тохиолдолд шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

            84.4.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

            84.5.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл уг эрх, үүрэг дуусгавар болсон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тухайн хүний эд хөрөнгийн талаарх тайлан тооцоог 30 хоногийн дотор тухайн шатны Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад гарган өгч, эд хөрөнгийг өөрт нь буюу хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагчид шилжүүлнэ.

 

            85 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлдээ авч асран хамгаалах ажиллагаа

 

            85.1.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасан хүүхдийг иргэн гэр бүлдээ авч асран хамгаалж /цаашид "асран хамгаалах" гэх/ болно.

 

            85.2.Хүүхдийг асран хамгаалахдаа гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон асран хамгаалахаар хүсэлт гаргасан иргэн хоорондоо тодорхой хугацаагаар гэрээ байгуулна.

 

            86 дугаар зүйл. Хүүхдийг асран хамгаалахаар шилжүүлэх                                                                     тухай гэрээ

 

            86.1.Хүүхэд асран хамгаалах тухай гэрээнд дараах зүйлийг тусгана:

 

                        86.1.1.хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, боловсрол олгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах;

 
                        86.1.2.асран хамгаалуулагчийн эрх, үүрэг;
 
                        86.1.3.асран хамгаалагчийн эрх, үүрэг;
 

                        86.1.4.гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг;

                       

                        86.1.5.асран хамгаалагчид олгох урамшуулал болон хууль тогтоомжийн дагуу олгогдох бусад тэтгэмж, хөнгөлөлт;

 
                        86.1.6.асран хамгаалуулагчийн эд хөрөнгө;
 
                        86.1.7.гэрээ дуусгавар болох үндэслэл, үр дагавар.
 

            86.2.Хүүхдийг асран хамгаалахад тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл буй болсон нь тогтоогдсон, эцэг, эхэд нь буцаан өгсөн, үрчлүүлсэн бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шаардлагаар, хүндэтгэн үзэх бусад шалтгаан /өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн, харилцан үл ойлголцох, маргаантай байдал/ бий болсон бол асран хамгаалагчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.

 

            86.3.Асран хамгаалахаар шилжүүлэхдээ долоон нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авна.

 

            86.4.Асран хамгаалахаар шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах, хууль тогтоомжийн дагуу орон сууцаар хангагдах эрх эдэлнэ.

 

            86.5.Асран хамгаалагчид олгох урамшуулалд шаардагдах зардлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 8.2-т заасны дагуу нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.

 

            86.6.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага асран хамгаалагчийн үйл ажиллагаанд хяналт тавина.

 

            87 дугаар зүйл. Асран хамгаалагч эцэг, эх

 

            87.1.Энэ хуулийн 78 дугаар зүйлд зааснаас бусад этгээд асран хамгаалагч эцэг, эх байж болно.

 

            87.2.Асран хамгаалагч эцэг, эх нь асран хамгаалахаар гэр бүлд авсан хүүхдийн хувьд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            88 дугаар зүйл.Гэр бүлд шилжүүлсэн хүүхдийг тэжээн тэтгэх

 

            88.1.Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу хүүхэд бүрт түүнийг тэжээн тэтгэхэд зориулан сар бүр мөнгөн тэтгэмж олгоно.

 
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХЭД ҮРЧЛЭХ
 

            89 дүгээр зүйл.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх нөхцөл

 

            89.1.Үрчлэлтийн харилцаанд хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол, үндсэн эрхийг хүндэтгэх зарчмыг баримтална.

 

            89.2.Сум, баг, хорооны гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн нийгмийн ажилтан хүүхэд үрчлэлтийн харилцаатай холбоотой, зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, мэдээллийн санд бүртгүүлнэ.

 

            89.3.Ах /эгч/ дүүсийн эрх, ашиг сонирхолд харшилсан тохиолдолд тэдгээрийг өөр өөр гэр бүлд үрчлүүлэхийг хориглоно.

 

            89.4.Энэ хуулийн 91.2, 91.3-т заасан харшлах нөхцөл байхгүй бол иргэн, эсхүл гэрлэгчид хамтран хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ дараахь баримт бичгийн хамт  харьяалах сум, дүүргийн Засаг даргад гаргана.

           

                        89.4.1.хүүхдээ үрчлүүлэх талын нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;

           

                        89.4.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэрлэгчдийн хувьд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;

 

                        89.4.3.холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гэр бүлийн  судалгаа;

 

                        89.4.4.байнга оршин суугаа газрын хаяг, хүүхэд амьдрах орчны зураглал, амьдардаг байр, фото зураг;

           
                        89.4.5. өрхийн орлогын талаархи мэдээлэл;
 

                        89.4.6.ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

 

89.5. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллагаар үрчлэн авахыг хүсэгчийн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлж, үнэлгээний дүгнэлтийг үндэслэн үрчлүүлэх тухай шийдвэрийг 30 хоногийн дотор  гаргана.

           
            89.6.Үрчлэлтийг дэмжих, холбон зуучлах үйл ажиллагаа ашгийн бус байна.
 

            89.7.Үрчлэлтийн үйл ажиллагаанаас аливаа этгээд, хувь хүн зайлшгүй гарах зардлаас бусад орлого, ашиг хонжоо олохыг хориглоно.

 
            89.8.Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авна.
 

            89.9.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдийн хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.

 

            89.10.Хүүхэд үрчлүүлсэн тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг иргэний улсын бүртгэлийн болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан  байгууллагад хүргүүлнэ.

 

            89.11.Хүүхэд үрчлүүлэх шийдвэрийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ.

 

            90 дугаар зүйл. Хүүхэд үрчлэлтийн бүртгэл, хяналт

 

            90.1.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үрчлүүлэх шаардлагатай байгаа болон үрчлэгдсэн хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналт тавина.

 

            90.2.Энэ хуулийн 90.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх, хүүхэд үрчлэх, үрчлүүлэх хүүхдийн аж байдалд хяналт тавих журмыг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

            90.3.Хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж болно.

 
            91 дүгээр зүйл. Үрчлэгч
 

            91.1.Үрчлэгч нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг асран халамжлах, өсгөн хүмүүжүүлэх боломжтой энэ хуулийн 89.3-т зааснаас бусад этгээд байна.

           

            91.2.Үрчлэгч, үрчлүүлэгчийн насны зөрүү нь хорин хоёроос доошгүй байна. Харин үрчлэн авагч нь хүүхдийн төрөл, садан бол энэ заалт хамаарахгүй.

 

            91.3.Дараах этгээдэд хүүхэд үрчлэхгүй:

 
                        91.3.1.шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон;
 

                        91.3.2.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан;

 
                        91.3.3.урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;
 
                        91.3.4.ашиг хонжоо олох зорилготой;
 

                        91.3.5.сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар эцэг, эх байх эрх, үүргээ биелүүлж чадахгүй болох нь тогтоогдсон;

 
                        91.3.6.цалин, хөлс, бусад орлогогүй;
 

                        91.3.7.орон байргүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд амьдардаг;

 

                        91.3.8.хүнд гэмт хэрэг санаатайгаар үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн, эсхүл хорих ял эдэлж байгаа.

 

            91.4.Нэг хүүхдийг хэд хэдэн хүн үрчлэхээр хүсэлт гаргасан бол энэ хуулийн 91.2, 91.3-т заасан нөхцлийг харгалзан хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэнэ.

 

            92 дугаар зүйл.Эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхэд үрчлэх

 

            92.1.Дараах тохиолдолд эцэг, эхийн зөвшөөрлийг авахгүйгээр хүүхдийг үрчлүүлж болно:

 

                        92.1.1.шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалсан, эсхүл гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон тохиолдолд хүүхдээ асрамжлах эрх үүсээгүй эцэг эсвэл эхийн оршин суугаа газрыг тодорхойлох, хаана байгаа нь тогтоогдох боломжгүй;

 

                        92.1.2.шүүхээс сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон;

 

                        92.1.3.эцэг, эх байх эрхээ хасуулсан;

 

                        92.1.4.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон;

 

                        92.1.5.хүүхдээ тэжээн тэтгэх болон хуульд заасан бусад үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн.

 

            93 дугаар зүйл.Хүүхэд үрчилснээс үүсэх үр дагавар

 

            93.1.Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            93.2.Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            93.3.Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана.

 

            93.4.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ.

 

            94 дугаар зүйл. Үрчлэлтийн нууц

 

            94.1.Үрчлэлтийг нууцлах тухай үрчлэн авагч эцэг, эх хүсэлт гаргасан бол иргэний улсын бүртгэлийн байгууллага холбогдох баримт бичигт нууцлалын тухай тэмдэглэл хийнэ. 

 

            94.2.Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй.

 

            94.3.Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

 

            95 дугаар зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцох

 

            95.1.Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 91.3-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн хүсэлтээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.

 

            95.2.Шүүх хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд хангах шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 95.1-д зааснаас бусад үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.

 

            95.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үрчлэлтийг хүчингүй болсонд тооцно.

 

            96 дугаар зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар

 

            96.1.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

            96.2.Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцэхгүй нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй бол түүнийг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хамгаалалтад шилжүүлэхээр шийдвэрлэнэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн энэ хуулийн 43.4-т заасан арга хэмжээ авна.

 

            96.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан бол гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

            96.4.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх шийдвэрийн хувийг иргэний улсын бүртгэлийн болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан   байгууллагад явуулна.

 

            96.5.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь салбар, нэгжийн улсын бүртгэгч хүүхдийн овог нэрийг үрчлэгдэхийн өмнөх овог, нэрээр бүртгэж гэрчилгээ олгоно.

 

АРАВДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭН БОЛОН ХАРЬЯАЛАЛГҮЙ ЭТГЭЭД ОРОЛЦСОН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ГЭР БҮЛИЙН ХУУЛЬТОГТООМЖИЙГ ХЭРЭГЛЭХ

 

            97 дугаар зүйл. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэрлэлт бүртгэх

 

            97.1.Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэлтийг бүртгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.

 

            98 дугаар зүйл.Дипломат төлөөлөгчийн болон консулын                                                                газарт гэрлэлт бүртгэх

 

            98.1.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ тухайн улсад байгаа өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.

 

            98.2.Гадаадын иргэн гэрлэлтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлсэн бол харилцан адил байх нөхцөлөөр уг гэрлэлтийг Монгол Улс хүлээн зөвшөөрч болно.

 

            99 дугаар зүйл.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх

 

            99.1.Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.

 

            99.2.Энэ хуулийн 99.3-т заасан этгээдийн эд хөрөнгийн бус болон эд хөрөнгийн эрх үүргийг тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно. 

 

            99.3.Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэсэн бол тэдгээрийн эрх, үүргийг гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй бол энэ хуулиар тодорхойлно.

 

            99.4.Гадаадын иргэд хоорондоо Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчинтэйд тооцогдоно.

 

            100 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

 

            100.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо энэ хуулийн 97, 98 дугаар зүйлийг харгалзан үзнэ.    

 

            101 дүгээр зүйл. Гэрлэлт цуцлах

 

            101.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад бүртгэлтэй гэрлэлтийг цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.

 

            101.2.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн өөрийн эхнэр буюу нөхрийн харъяаллаас үл хамааран гэрлэлтээ Монгол Улсад шүүхийн журмаар цуцлуулах эрхтэй. Шүүх гэрлэлт цуцлах тухай асуудлыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

            101.3.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтийг захиргааны журмаар цуцлуулж болохоор бол Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар гэрлэлтийг цуцалж болно .

 

            101.4.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гадаад улсад гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.

 

            101.5.Иргэний улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүний гэрлэлт цуцалсныг бүртгэсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор бүртгэлийн мэдээллийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

            102 дугаар зүйл.Нөхөр, эхнэрийн эд хөрөнгийн бус болон эд хөрөнгийн эрх, үүрэг

 

            102.1.Нөхөр, эхнэрийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн хамт оршин суугаа улсын хууль тогтоомжоор тодорхойлох бөгөөд аль нэг нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаггүй бол хамгийн сүүлд хамт амьдарч байсан улсын хууль тогтоомжоор тодорхойлно. Хамт амьдарч байсан газар нь тодорхойгүй нөхөр, эхнэрийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын хууль тогтоомжийн дагуу тогтооно.

 

            102.2.Харьяалалгүй буюу хамт амьдарч байсан газар нь тодорхойгүй нөхөр, эхнэр нь гэрлэлтийн болон тэтгэлэг төлөх тухай гэрээгээр аль улсын хууль тогтоомжийг хэрэглэх талаар тохиролцож болно. Энэ нөхцөлд гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй эсхүл хуульд харшилсан гэрээ байгуулсан бол энэ хуулийн102.1-т заасныг баримтлан тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлно.

 

            103 дүгээр зүйл.Эцэг, эх тогтоох болон эцэг, эх тогтоолгох тухай маргааныг шийдвэрлэх

 

            103.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох тухай асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.

 

            103.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт эцэг, эх тогтоох болон түүнтэй холбоотой маргааныг Монгол Улсын хуульд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд хүүхдийн харьяалал нь эцэг, эх байх эрхэд нөлөөлөхгүй.

 

            103.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна амьдарч байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эцэг, эхийг захиргааны журмаар тогтоох боломжтой бол гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын  газарт хүсэлт гаргах эрхтэй.

 

            104 дугаар зүйл.Эцэг, эх болон хүүхдийн эрх, үүрэг

           

            104.1.Энэ хуульд заасан эцэг, эх болон хүүхдийн эрх, үүргийг хамтдаа байнга оршин суугаа улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлно. Эцэг, эх, хүүхэд хамт амьдардаггүй бол тэдгээрийн эрх, үүргийг хүүхдийн харьяалахулсын хууль тогтоомжоор тодорхойлно.

 

            104.2.Эцэг, эх, хүүхдийн хоорондох тэтгэлгийн болон бусад харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүүхдийн байнга оршин суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж болно.

 

            105 дугаар зүйл.Насанд хүрсэн хүн болон гэр бүлийн бусад гишүүдийн тэжээн тэтгэх үүрэг

 

            105.1.Насанд хүрсэн хүн эцэг, эхээ, гэр бүлийн бусад гишүүд бие биеэ тэжээн тэтгэх үүргийг тэдгээрийн хамтдаа байнга оршин суугаа улсын хууль тогтоомжоор тодорхойлно. Хамт байнга оршин суудаггүй бол тэжээн тэтгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдийн харьяалахулсын хууль тогтоомжоор тодорхойлно.

 

            106 дүгээр зүйл.Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх

 

            106.1.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын харьяатгэр бүлд /цаашид “Үрчлэгч тал” гэх/ үрчлүүлэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөнө.

 

            106.2.Монгол Улсад үрчлэн авах гэр бүл олдоогүй бүтэн өнчин болон эцэг, эх нь тогтоогдоогүй хүүхдийг түүний дээд эрх ашигт нийцүүлэн үрчлэгч талдүрчлүүлэх асуудлыг Гадаадын иргэний асуудал эрхэлсэнтөрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.

 

            106.3.Үрчлэгч талдМонгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлаар  олонулсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүхий улс хооронд хүүхэд үрчлэх туршлагатай, мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай, итгэмжлэгдсэн байгууллагыг сонгож хамтран ажиллана.

 

            107 дугаар зүйл.Хүүхэд үрчлүүлэх боломжгүй үрчлэгч тал

 

            107.1.Дараахьүрчлэгч талд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхийг хориглоно:

 

                        107.1.1.Энэ хуулийн 105.1-д заасан хориглох нөхцөлд  хамаарах үрчлэгч тал;

 

                        107.1.2.гэрлэгсдийн аль нэг ньхоёр ба түүнээс дээш удаа гэрлэлтээ цуцлуулж байсан;

 

                        107.1.3.гэрлэлтээ бүртгүүлснээс хойш таван жил болоогүй эхнэр, нөхөр;

 

                        107.1.4.ижил хүйстэн гэр бүл;

                        107.1.5.Монгол Улсаас албадан гаргасан бөгөөд тус улсад дахин  оруулахгүй байх хугацаа нь дуусаагүй гадаадын  иргэн. 

 

107.2.Үрчлэн авагч эцэг, эх үрчлэхийг хүсч буй хүүхдийн насны зөрүү нь энэ хуулийн 91.2-т заасантай адил байна.

 

            108 дугаар зүйл.Хүүхэд үрчлэх тухай хүсэлт гаргах

 

            108.1.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах үрчлэгч тал итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан хүсэлтээ дараахь баримт бичгийн албан ёсны орчуулгын хамт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:

 

                        108.1.1.хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт /гэр бүлийн гишүүдийн хамтран гаргасан/;

 

                        108.1.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

 

                        108.1.3.өргөдөл гаргагчийн амьдралын түүх, фото зураг;

 

                        108.1.4.эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гэр бүлийн дэлгэрэнгүй судалгаа, тодорхойлолт;

 

                        108.1.5.байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, хүүхэд амьдрах байр болон орчны фото зураг;

 

                        108.1.6.өргөдөл гаргагчийн гэр бүлийн болон орлого, санхүүгийн боломжийн тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;

 

                        108.1.7.энэ хуулийн 107.1-т заасан харшлах нөхцөл байхгүй талаарх цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

 

                        108.1.8. ажил олгогчийн тодорхойлолт;

 
                       

            108.2.Энэ хуулийн 108.1-т заасан баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.

 

            109 дугаар зүйл.Үрчлэгч талдхүүхэд үрчлүүлэх

 

            109.1.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллага нь  энэ хуулийн 106.1-т заасан  баримт бичгийг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд үрчлэгдэх хүүхдийг сонгон 60 хоногийн дотор дараахь материалыг бүрдүүлж, хүсэлт гаргагчид хүргүүлнэ:

 

            109.1.1.төрсний гэрчилгээ, фото зураг;

                        109.1.2.хүүхдийн гэр бүлийн талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт, холбогдох баримт бичиг;

 

                        109.1.3.хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

                        109.1.4.хүүхдийн эрүүл мэндийн талаархи эмнэлгийн байгууллагын дүгнэлт;

 

                        109.1.5.шаардлагатай бусад баримт бичиг.

 

109.2.Долоо ба түүнээс дээш настай хүүхдийг үрчлүүлэхэд өөрийнх нь зөвшөөрлийг авч энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

 

109.3.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай үрчлэгч талын хүсэлтийг үндэслэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нөхцөл байдлын үнэлгээ хийндүгнэлт гаргаж,  гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад холбогдох материалын хамт хүргүүлнэ.

 

109.4.Үрчлэгч талд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран,нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үрчлэлтийн дараахь хяналт тавих гэрээний загвар, үрчлэгч талд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам, Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын гэр бүлтэй ярилцлага хийх журмыггадаадын иргэний  асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

109.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагынтөлөөлөл үрчлэгч талтай ярилцлага хийж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг энэ хуулийн 107.4-т заасанзөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргана.

 

            109.6.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын үрчлүүлэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын тав хоногийн дотор шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагадхүргүүлнэ. Улсын бүртгэлийн байгууллага үрчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн үрчлэлтийг бүртгэнэ.

 

                        109.7.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх тухай шийдвэрийн талаар үрчлэгч талын харьяалах улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон итгэмжлэгдсэн байгууллагад мэдэгдэнэ.

 

                        109.8.Үрчлэгдсэн хүүхэд иргэний харьяаллаа сонгох эрхээ Монгол Улсын Харьяатын тухай хуульд заасны дагуу эдэлнэ.

 

            110 дугаар зүйл.Үрчлэн авагчийн үүрэг

 

            110.1.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авагч үүрэг хүлээнэ:

 

                        110.1.1.хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөж хүмүүжүүлэх, аюулгүй, тайван амьдрах,  сурч боловсрох, хөгжих нөхцөлөөр хангах;

 

                        110.1.2.хүүхдийн эх орныг мэдүүлэх, шаардлагатай бол эх оронд нь аялуулах боломжоор хангах;

 

                        110.1.3.үрчлэн авсан хүүхдийн талаар 0-7 нас хүртэл хагас жил тутам, 8-18 нас хүртэл жил тутам Гадаадын иргэнийасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үрчлэлтийн дараахь тайлан ирүүлэх;

 

                        110.1.4.шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн ахуй, амьдралтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах.

 

            111 дүгээр зүйл.Үрчлэгдсэн хүүхдэд тавих хяналт, хамгаалал

 

111.1.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн үрчлэгч тал, итгэмжлэгдсэн байгууллагатай гэрээ байгуулна.

 

            111.2.Гэрээнд талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, хүүхдийн нөхцөл байдалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлэх, үрчлэлтийн талаар маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын хууль болон олон улсын гэрээг сонгон хэрэглэх зэрэг шаардлагатай бусад нөхцөлийг тусгана.

 

            111.3.Гадаадын иргэнийасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үрчлэгдсэн хүүхдийн талаархи мэдээлэл болон гэрээний хувийг үрчлэгчийн харьяалах улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар хүргүүлж, үрчлэлтийн дараахь хяналтийг хамтран хэрэгжүүлэх талаар мэдэгдэнэ.

 

            111.4.Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг гадаад улсад16 нас хүртэл Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар хамгаална.

 

            111.5.Дипломат төлөөлөгчийн газар нь үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, энэ хуулийн 108.1.3-д заасны дагуу үрчлэгдсэн хүүхдийн талаархи тайлан ирүүлээгүй тохиолдолд тайланг шаардан гаргуулна.

 

            111.6.Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэх шийдвэр гаргуулсан болон энэ хуулийн 109.1-т заасан гэрээний үүргээ биелүүлээгүй бол үрчлэлтийг хүчингүй болгох тухай асуудлыг үрчлэх шийдвэр гаргасан байгууллага шийдвэрлэнэ.

 

            111.7.Үрчлэлтийг хүчингүй болгосноос гарах зардлыг үрчлэн авагч бүрэн хариуцна.

 

112 дугаар зүйл. Гадаадын харьяат хүүхдийг үрчилж авах

 

112.1.Гадаадын харьяат хүүхдийг үрчилж авахад тухайн улсын хууль тогтоомж,  олон улсын гэрээ, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенцийг мөрдөнө.

 

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ
 
            113 дугаар зүйл.Гэр бүлийн тухай хууль тогтоомж зөрчигчид   хүлээлгэх хариуцлага
 

            113.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.

 

            114 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

            114.1.Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 
 
 
Гарын үсэг

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00