info@child.or.gov.mn      (+976) 70350136

СЭТГЭЛ ЗҮЙЧ Э.БЯМБАСҮРЭН: ХҮН БҮР ДАВТАГДАШГҮЙ, ДАВУУ ТАЛ АВЪЯАС ЧАДВАРТАЙ БАЙДАГ. ИЙМД ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ ХЭРЭГГҮЙ.


Image

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог нас гэж

Өсвөр буюу шилжилтийн нас нь хүүхэд ахуй нас ба орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 11-15 нас хүртэлх үеийг хамардаг.

1. Өсвөр насанд бэлгийн бойжилт явагдаж эхлэдэг.

  • Дуу хоолойн өнгө өөрчлөгдөх
  •  Сахал үс ургах биеийн галбир өөрчлөгдөх
  • Сарын тэмдэг ирэх
  •  Бие физиологийн зарим өөрчлөлт гарах гэх мэт

Зөвлөмж: Дээрх шинж тэмдгүүд нь өсвөр насанд явагдах физиологийн хэвийн өөрчлөлт юм. Иймд эцэг эх, болон бусад мэргэжлийн хүмүүстэй нээлттэй ярилцан, зөвлөгөө мэдээлэл аваарай.

  • 2. Хөгжлийн бүх талыг хамрах чанарын эрс өөрчлөлт /Зарим охид хөвгүүд илүү хурдан хөгжиж байхад зарим нь аль нэг талаараа бусдаас хоцрогдож, өөр талаараа бусдаас түрүүлж хөгжиж байдаг/ гардаг. Эдгээр өөрчлөлт өсвөр насныханд янз бүрийн үед гардаг.  

Зөвлөмж: Хүн бүр давтагдашгүй, давуу тал авъяас чадвартай байдаг. Иймд өөрийгөө бусадтай харьцуулж сэтгэлээр унах шаардлагагүй. Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйл болон засаж сайжруулах шаардлагатай зан чанарынхаа жагсаалтыг гаргаж өөрийгөө хөгжүүлэх нь чухал байдаг шүү.

3. Охид хөвгүүд өөрийгөө “насанд хүрсэн том хүн болсон” гэсэн мэдрэмж үүсч том хүн гэж хүлээж авахыг хүрээлж буй хүмүүсээс шаарддаг

  • Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх /тамхи татах, уруулаа будах/
  • Хөвгүүд жинхэнэ эр хүний чанаруудыг өөртөө төлөвшүүлэхийг эрмэлзэх /эр зориг, хүч тамир, тэсвэр тэвчээр, үерхэл нөхөрлөлд үнэнч байх чанар/
  • Нийгэмшихүйн хүрээнд дээрх мэдрэмж нь насанд хүрэгчид өсвөр насныхны хамтын үйл ажиллгааны явцад үүснэ. /хөвгүүд мод төмрөөр юм урлах, охид юм оёх, хоол хийх/
  • Оюун ухааны хүрээнд “насанд хүрсэн хүн , том хүн” гэсэн мэдрэмж нь мэдлэг чадвараа тэлэх гэсэн хүсэл тэмүүллээр илэрдэг. /танин мэдэхүйн үйл ажиллагааны хөгжлийг эрчимжүүлдэг./

 

Зөвлөмж: Аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн хамгаас чухал байдаг. Эрсдэл үүсгэж болох сөрөг зан үйлээс татгалзах, эерэг зөв сонголтыг хийж байх нь чухал шүү.

 

4. Үе чацуутныхаа дунд зохистой байрь суурь эзлэх гэсэн хүсэл тэмүүлэл нь үе чацуутны бүлгийн үнэт зүйл, хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, дагахад хүргэдэг. /pc тоглоомын бүлэг, спорт тоглоомын бүлэг гм /

  • Үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцааны гадаад илрэл зөрчитэй байх нь цөөнгүй байдаг.
    • Бусадтайгаа адил байх, ямар ч үнэ цэнээр хамаагүй бусдаас ялгарах
    • Бусдын хүндлэл хайрыг хүлээх, нэр хүндтэй байх, өөрийн дутагдлыг ил харуулах түүгээрээ бахархах гайхуулах хандлага илэрч байдаг.

Зөвлөмж: Уурлаж гомдсон, баярлаж хөөрсөн үедээ шийдвэр гаргахгүй байхад анхаараарай.

Сэтгэл хөдлөл өндөр байх тусам шийдвэр гаргах чадвар буурдаг. Тулгамдаж буй асуудлынхаа давуу тал, сөрөг тал, эрсдэл, нөөц боломж зэргийг жагсаан бичиж, тунгаан бодож байх нь зөв шийдвэр гаргахад тань туслах болно.  

5. Эсэргүүцэл ба дэмжлэг

  • Өөрийгөө насанд хүрэгчдэд сөргүүлж тавих, өөрийн хараат бус байдал, өөрийн эрхийг хамгаалах гэсэн хүсэл тэмүүлэл хурц илэрдэг.
  • Насанд хүрэгчдийн зүгээс тусламж хамгаалал, дэмжлэг хүсэх, тэдэнд итгэх, тэдний урам хайр үнэлгээг авах нь өсвөр насны хүүхдүүдэд маш чухал.

Зөвлөмж: Хоорондын харилцааг сайжруулах хамгийн шилдэг арга бол чин сэтгэлээсээ ярилцах юм. Эцэг эхтэйгээ маргалдаж зөрчилдөхийн оронд тэдэнтэй ярилцан, өөрийгөө ойлгуулж тэднээс дэмжлэг хүсээрэй.

6. “Би” үзэл баримтлал.

            Өөрийн талаарх төсөөллийн ач холбогдол нэмэгдэн, өөртөө дүн шинжилгээ хийж, өөрийгөө бусадтай харьцуулсны үндсэн дээр өөрийн үнэлгээ төлөвшидөг. /би ухаалаг, ухаан муутай, манлайлагч, дагалдагч, эрэлхэг зоригтой, аймхай хулчгар/

Зөвлөмж: Өөрийн сонирхол, авъяас чадвар, давтагдашгүй зан чанараа танин мэдэж өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаарай.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00