info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүүхдээ хэрхэн эрсдлээс хамгаалах вэ?


Image

Хүүхдээ хэрхэн эрсдлээс хамгаалах вэ?

 

1. Аюулгүй унтуулах

Хүүхдийг нуруугаар нь буюу дээшээ харуулж унтуулаарай. Мөн хоёр хажуугаар нь ээлжлэн хэвтүүлж болох юм. Хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулснаас болж, бага насны хүүхдийн амьсгал боогдож, эндэж байжээ. Иймд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулахыг хориглож, хажуу болон нуруугаар нь унтуулж эхэлснээр бага насны хүүхдийн эндэгдэл 3 дахин багассан байна.

Хүүхэд шигдэж орохуйц зөөлөн буйдан, хүнд хөнжил зэргээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь хүүхдийг унтаж байхад амьсгалыг нь боогдуулах эрсдэлтай тул хатуу матрасс болон нимгэн "ширмэл" хөнжлийг нөмрүүлж хэвшээрэй.

Хүүхдийн орны хашлаган хаалтны сараалж нь, Кока Кола ундаа багтах хэмжээний жижигхэн зайтай байх нь чухал. Хэт том сараалж нь хүүхдийн гар хөл орж гацаах магадлал өндөртэй байдаг.

Хүүхдийг унтаж байхад, орон дээр нь аль болох тоглоом, хувцас, живх, бас бус зүйлсийг тавих хэрэггүй юм.

 

 

2. Өндрөөс унах

Шат болон бусад гэртээ байгаа, хүүхэд унаж болзошгүй өндөр, аюултай зүйлсэд хамгаалалтын тор, хаалгыг хийх хэрэгтэй. Энэ нь хүүхэд унах эрсдлээс хамгаална.

Өндөр сандал, ширээн дээр зогсоохгүй байх нь чухал. Хэрвээ хүүхэд тань зайлшгүй шалтгаанаар сандал, ширээн дээр зогсох хэрэг гарвал, хүүхдийнхээ хөл болон тухайн зүйлийг нь хөдөлгөөнгүй байлгахад анхаараарай.

Хэрвээ таны хүүхэд хөлд оруулагчаар явдаг бол шат, халаалтын хэрэгсэл, цахилгааны утас зэргээс аль болох хол байлгах хэрэгтэй.

Таны байр доод давхарт байдаг ч гэсэн, заавал хамгаалалтын торыг цонхондоо хийж өгөөрэй.

Хүүхэд унаж болзошгүй гэрийн тавилга, эд зүйлсийг сайтар бэхэлж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

3. Амьсгал боогдох

Хүүхдэд жижиг деталь ихтэй тоглоом, үрлэн сумтай буу огтхон ч хэрэггүй юм. Учир нь бяцхан хүүхэд тэдгээрийг амандаа хийх, залгих, улмаар хахах өндөр эрсдэлтэй билээ.

5-аас доош насны хүүхдэд, самрын тос, хатуу чихэр, усан үзэм зэрэг жижиг болон ястай жимс, бүтээгдэхүүнийг өгөхийг хориглоно.

Мөн хүүхдийн гар хүрэхүйц газарт хоол хүнс, халуун зүйл, ямарваа химийн бодистой зүйлсийг яасан ч тавьж болохгүйг анхаараарай!

Мөн хүүхэд ямар нэгэн байдлаар хахах, амьсгал нь боогдох үед авч болох арга хэмжээ, анхны тусламжийн зүйлсийг бэлтгэх хэрэгтэй. Энэ нь учирч болзошгүй аюулаас хамгаалах болно.

4. Галын аюул

Чүдэнз, асаагуур, тэсэрч, дэлбэрэх зүйлсийг ямагт хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

Хоол хийж байхдаа хүүхдээ өөрөөсөө зайтай байлгаж сураарай. Энэ үед хүүхдээ тэврэх эсвэл галын орчим байлгаж болохгүй. Мөн индүү, үсний сэнс, хайч зэргийг хэрэглэсэн даруйдаа залгуураас нь салгаж тавих, хүүхэд хүрэхгүй газарт нуух хэрэгтэй. Эс бөгөөс хүүхэд түлэгдэх, хүндээр бэртэх аюултай юм.

Халуун хоол хүнсийг хүүхэд хүрэх газраас ямагт хол тавиарай. Хэрэв ширээн дээр тэдгээрийг тавьж байгаа бол, ширээний булангаас хол зайтай буюу төв хэсэгт нь тавиарай.

Утааны дохиолол болон галын хор зэргийг гэртээ суурьлуулаарай. Энэ нь таныг болон танай гэр бүлийг учирч болзошгүй эрсдлээс хамгаалах болно.

5. Хордох

Хэрэв таны хүүхэд ямар нэгэн аюултай зүйлийг залгисан байж болзошгүй хэмээн үзэж байвал, даруй эмчид хандах хэрэгтэй. Өөрөө дур мэдэн арга хэмжээ авах нь байдлыг бүр ч дордуулж мэдэх юм.

Бага насны хүүхдийн осол эндэгдлийн ихэнх хувийг эцэг эхчүүдийн хайхрамжгүй орхисон эмийг хүүхэд залгиснаас үүддэг. Иймд хүүхдийн анхаарлыг татах эм, жижиг зүйлсийг аль болох хол тавих хэрэгтэйг санаарай.

Цэвэрлэгээний бодис, уксус зэрэг хүчтэй бодисуудыг цоожтой саванд хадгалах, хүүхдийн гар хүрэхгүй газарт тавьж байгаарай.

Цаг, лазер зэрэг жижиг биетийн зайг хэрэглэж дууссан даруйдаа хаяж байх хэрэгтэй.

Хэрэв хүүхэд хордсон бол яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

6. Уснаас сэрэмжлүүлэх

Угаалгын өрөөний хаалгыг ямагт хааж байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтгүй усанд оруулж болохгүй.

Бассейн, усан оргилуур зэргээс хүүхдийг хол байлгах хэрэгтэй. Хэрэв хүүхдээ бассейнд оруулах бол, заавал цуг орох, хараа хяналтаа салгаж болохгүй юм.

Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сэлж чадна хэмээн бодож, хараа хяналтгүй ус руу оруулдаг. Гэвч харамсалтай нь, нийт живсэн хүүхдүүдийн 47 хувь нь, 10-17 насных байсан аж.

Маш олон эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй усанд оруулах, гар утсаа оролдох, ном унших зэргээр хүүхдээ алддаг байна.

7. "W" суултаар суух

Бага насны хүүхдүүд зурагт үзүүлсэн шиг, "W" суултаар суух нь элбэг. Ингэснээр хүүхдийн хөгжиж байгаа тааз болон түнхний ясыг буруу хөгжүүлэх, "Х" хөлтэй болох зэргээр учрах хор уршиг нь их юм.

Нэгэнт ийн сууж сурсан хүүхдийг болиулах нь хэцүү тул, анхнаас нь суулгаж сургахгүй байх нь чухал билээ.

8. Машинд суух

Бага насны хүүхдийн өндөр 140 см-ээс доошгүй, 32 кг-аас дээш жинтэй бол, зориулалтын хүүхдийн суудал дээр суух шаардлагагүй юм. Харин түүнээс доош насны хүүхдүүдэд заавал хүүхдийн сандал, бэхэлгээг хийж байхыг зөвлөе!

Мөн 2-оос доош насны хүүхдийг зориулалтын сандал дээр суулгаад, суудлын эсрэг чиглэлд бэхлэх хэрэгтэй.

Мөн хүүхдийг машинд суулгасны дараа зайлшгүй суудлын бэхэлгээг хийх хэрэгтэй бөгөөд хүүхдийн цээж, мөр, бүсэлхий хэсгийг даруулж өгөөрэй.

Хүүхэд сууж байгаа хэсэгт том оврын хайрцаг, хүнд зүйлсийг бэхэлгээгүй тавихаас зайлсхийгээрэй.

9. Дугуй унах

Хүүхдэд дугуй, скүүтер, скейт зэргийг унуулахдаа зайлшгүй хамгаалах хэрэгслийг зүүлгэх хэрэгтэй.

Мөн хүүхдийн өмссөн хувцас тод, битүү байх ёстой бөгөөд замын хөдөлгөөнөөс хол тоглуулж байгаарай.

Мөн дугуй болон скүүтерийн тоормос, гэрэл зэргийг хэвийн ажиллаж байгааг тогтмол шалгаж хэвшээрэй.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00