info@child.or.gov.mn      (+976) 70350136

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ


Image

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ

 

                   Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан /цаашид "хурдан морины уралдаан" гэх/-ыг бүх түвшинд болон  Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах шигшмэл, бүсийн хэмжээний уралдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.

 

Хоёр. Хурдан морины уралдааны салбар хороо

 

            2.1. Хурдан морины уралдааныг Хурдан морины уралдааны салбар хороо /цаашид "Салбар хороо" гэх/ хариуцан зохион байгуулна.

           

            2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /цаашид "Зохион байгуулах хороо" гэх/-ноос  батална.

 

            2.3. Салбар хороо хурдан морины нас бүрийн уралдааныг хариуцсан  даамал, цуваа бүртгэлийн ахлагч, цуваа бүртгэгч, шүдлэгч, манлайлагч, морь бариач, цоллогч, хүний эмч, хүүхдийн эрхийн ажилтан, малын эмч бүхий баг /цаашид "шүүгчид" гэх/ болон хянах хэсгийг томилно. Тухайн насанд уралдах морь, морь унах хүүхэд /цаашид "унаач хүүхэд" гэх/-ийг бүртгэх, дугаар олгох,  уралдаанд гаргахыг шүүгчид болон хянах хэсэгтэй хамтран Салбар хороо зохион байгуулна. Хурдан морины уралдааны тухайн насны даамал нь гараа, бариаг зохион байгуулах, түрүүлсэн, айрагдсан морьдыг цоллуулах, уяач, унаач хүүхэд, морины бай шагналыг олгох, уралдаантай холбоотой гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, тайлан тооцоо гаргах ажлыг хариуцна.

 

            2.4. Салбар хорооны автомашин өөрийн таних тэмдэг, дарцагтай байна.

 

            2.5. Салбар хороо нь уралдааныг зохион байгуулахаас  өмнө дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

            2.5.1. баяр наадам эхлэхээс 10 хоногийн өмнө морины  бэлчээр, худаг ус, морь шүдлэх цэг, уралдах замыг /замын дагуухь бартаа, гуу жалга гэх мэт/  үзэж засан  сайжруулах, цэвэрлэх болон холбогдох бусад арга хэмжээг авах, морь барианы газар хэрэглэх эрчим хүч, холбооны эх үүсвэрийг  зохицуулах, хорооны гишүүд, шүүгчдийн ажиллах нөхцөлийг хангах; 

            2.5.2. хурдан морины гарааны зурхайг нас бүрийн  ангиллаар тогтоох;

 

            2.5.3. унаач хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эмээл зэргээр хангасан эсэхийг хянаж, уралдааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

 

2.5.4. уяачид, унаач хүүхдэд морин уралдааны холбоодын санал, спортын цол зэргийн нэгдсэн ангиллыг үндэслэн цол олгуулахаар Зохион байгуулах  хороо, Засаг даргад мэдүүлэх.

 

Гурав. Уяачид, унаач хүүхдэд тавих шаардлага

 

            3.1. Уяач, унаач хүүхэд нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрэмд заасан эрхийг эдэлж, доорхи  үүргийг ёсчлон биелүүлнэ:

 

            3.1.1. уралдах морийг 7-гоос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах;

 

            3.1.2. хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд  заавал хамруулсан байх;

 

            3.1.3. хурдан морины эмээл, энэ дүрмийн 2.5.3-т заасан хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангасан байх;

 

            3.1.4. унаач хүүхдэд морины зурхайд хүрч, зөвхөн даамлын дохиогоор морио эргүүлэх, уралдааны замыг товчлохгүй, гүйцэж ирсэн моринд саад учруулахгүй байх талаар заавар, зөвлөлгөө өгч ойлгуулсан байх;

 

            3.1.5. уралдааны үед морины эзэн, уяач, унаач хүүхэд  холбооны техник хэрэгсэл ашиглан уралдааныг удирдахгүй байх;

           

3.1.6. унаач хүүхэд тухайн морийг унаж уралдахаас татгалзвал уяач, эцэг, эх, асран хамгаалагч нь албадахгүй байх.

3.1.7. уяач нь унаач хүүхдийн төрсний гэрчилгээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг бүрдүүлсэн байх;

3.1.8. уяач нь уралдааны үед мориноос унаж бэртэж гэмтсэн унаач хүүхдийн талаар эрүүл мэндийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад заавал мэдэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байх

Дөрөв. Хурдан морь уралдуулах зай

 

4.1. Хурдан морийг насны ангиллаар нь дараахь зайд уралдуулна:

Азарга 22-24 км
Их нас 24-26 км
Соёолон 22-24 км
Хязаалан 15-17 км
Шүдлэн 12-14 км
Даага 10-12 км.
(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр  тогтоолоор өөрчилсөн).

 

4.2. Салбар хороо нь спортын холбоодын саналыг үндэслэн тухайн жилийн цаг агаарын байдал, малын онд оролт, тарга хүч, уралдах газрын онцлог зэрэгтэй уялдуулан уралдааны зайг  өөрчлөн тогтоож болно. Хурдан морины уралдааны зайг шинэчлэн тогтоосон тухайгаа уралдаан зохион байгуулахаас 20-иос доошгүй хоногийн өмнө нийтэд зарлаж мэдэгдсэн байна.

 

4.3. Салбар хороо нь бүсийн уралдааныг тухайн бүсийн Засаг дарга, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, морин спортын холбоод хамтарч зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, энэхүү дүрмийн биелэлтэд хяналт тавьж, арга зүйн зөвлөлгөө өгнө.

 

Тав. Уралдах морьдыг бүртгэх, дугаар олгох

           

            5.1. Хурдан морины уралдаанд энэ дүрмийн шаардлагыг хангасан унаач хүүхэд,  уяачдыг оролцуулна.

 

            5.2. Салбар хорооноос зарласан хугацаа, газарт дараахь баримт бичгийг үндэслэн унаач хүүхэд, уралдах морийг бүртгэж, дугаар олгоно. Үүнд:

 

5.2.1. унаач хүүхдийн төрсний гэрчилгээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ;

 

5.2.2. хурдан морь унахыг нь зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;

 

5.2.3. унаач хүүхдийн ослын даатгалын баталгаа;

 

5.2.4. уралдах морины нас, угшлын тодорхойлолт.

 

5.3. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй хасна. 

 

            5.4. Уяач салбар хорооноос олгосон дугаарыг унаач хүүхдийн биед хойд, урд талаас нь харагдахуйц бэхэлсэн байна.

 

            5.5. Бүртгэх цагаас хоцорсон унаач хүүхэд, уралдах морийг  бүртгэхгүй.

 

Зургаа. Уралдааны гарааны үеийн зохион байгуулалт

 

            6.1. Уяачид уралдах морьдоо морь уралдах газар  авчирч цуглармагц төрийн далбааг мандуулсан манлайлагч бүх морьдыг  дагуулан, индрийг нар зөв гурав тойроод нэгдсэн журмаар гарна.

 

            6.2. Азарга, их наснаас бусад бүх насны морийг  бэлтгэсэн  талбайд шүдлэнэ. Тухайн насны уралдаанд шүдээр тохироогүй морийг тусгай хашаанд оруулж, унаач хүүхдэд олгосон дугаарыг хураан авч уралдаанд оролцуулахгүй.  

            6.3. Морьдыг гарааны зурхайд хүргэж эргүүлэхийг Салбар хорооны дарга, гишүүд, тухайн насны морины даамал, тусгайлан бэлтгэсэн хүмүүс, эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнууд  хамтран гүйцэтгэнэ.

 

            6.4. Морьдыг гарааны зурхайгаас даамлын дохиогоор  эргүүлнэ.

 

            6.5. Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замаас морь оруулахыг хориглоно. Зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон замаас оруулсан морьдыг барихгүй.

 

Долоо. Уралдааны үеийн зохион байгуулалт

 

            7.1. Уралдааны үед тухайн насны морьдын уралдааныг хариуцсан даамал төрийн далбааг мандуулан, эхний мориноос  100 метрээс холгүй зайд өмнө нь явж замчилна.

 

            7.2. Хүн эмнэлгийн тусламжийн хэсэг морьдын ард явж  мориноос хүүхэд унасан тохиолдолд шаардлагатай тусламж үйлчилгээг яаралтай үзүүлнэ.

 

            7.3. Мал эмнэлгийн тусламжийн хэсгүүд уралдааны замын  дагуу тогтоосон цэгт байрлаж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлнэ.

 

            7.4. Уралдааны үед унаач хүүхэд унаж бэртэх, уралдааны замаас морь гарах, гаднаас морь орж ирэх зэрэг болзошгүй үйлдлийг хянах хэсгийг уралдах морьдын нас  бүрт томилно.

 

            7.5. Уралдах морийг зурхайд урьдчилан аваачих, замаас оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөхийг хориглоно. Ийм тохиолдол гарсан үед дүрс бичлэг, баримт нотолгоо зэргийг үндэслэн тухайн морьдыг уралдаанаас хасна.

 

            7.6. Салбар хороо нь энэхүү дүрмийн 6.3, 7.1, 7.2, 7.4, 7.7-д заасан нөхцөлөөр тээврийн хэрэгсэлд морины уралдаан дагах таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд Салбар хорооны зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр морины уралдаан дагахыг хориглоно.          

 

           7.7. Хэвлэл мэдээллийн ажилтнууд Салбар хорооны зөвшөөрөлтэйгээр уралдаанд саад болохгүйгээр морьдыг дагаж нэвтрүүлэг, бичлэг хийж болно.

 

Найм. Барианы үеийн зохион байгуулалт

 

            8.1. Барианы зурхайг цагаан шугамаар тэмдэглэсэн байна.

 

            8.2. Уралдаж ирсэн эхний таван морийг морь бариачид  барих бөгөөд бусад морьдыг барианы зурхайд ирсэн дараалал, хүүхдийн дугаараар нь дүрс, дуу бичлэгийн техник хэрэгсэл ашиглан байр эзлүүлнэ.

 

            8.3. Барианд орсон морьдыг дөрвөөс доошгүй дуудагчийн цуваа болон зурхайн баруун, зүүн талаас бичсэн дүрс  бичлэгийн дүнг харьцуулан байр эзлүүлэн бүртгэнэ. Маргаантай  асуудлыг тухайн насны даамал нь Салбар хороо болон шүүгчдийн хамтарсан хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

 

            8.4. Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг таван байраар ухраан барина.(Энэ хэсгийг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан). Жолоог нь дэл, сойлго, эмээлд нь уяж бэхлэх зэрэг зориуд зохион байгуулж, хүүхэдгүй уралдуулсан морийг хасна.

 

            8.5. Азарга, их наснаас бусад насны уралдаанд айрагдсан морьдыг уралдааны дараа дахин шүдлэх бөгөөд шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг урагшлуулж  байр эзлүүлнэ.

 

            8.6. Морьд барианд зэрэгцэн орсон бол барианы зурхайд түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу зэрэгцсэн тохиолдолд зөв талын морийг түрүүлж барих бөгөөд үүнийг  дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгслийг ашиглан тогтооно.

 

Ес. Морь цоллох, бай шагнал олгох журам

 

            9.1. Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн, уясан уяач, унаач хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно. Нас тус бүрт уралдсан морьдын 30 хүртэл хувийг барьж, бай шагналыг  7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр Салбар хорооны байранд олгоно.

 

            9.2. Түрүүлсэн, айрагдсан хурдан моринд олгох бай шагналын 20-иос доошгүй хувь нь унаач хүүхдэд ногдоно.

           

Арав. Хурдан морины уралдааны мэдээ, тайлан

 

            10.1. Тухайн насны морины уралдааныг хариуцсан даамал  нь уралдаанд оролцсон морьд, унаач хүүхдийн тоо, түрүүлсэн, айрагдсан, барианд  орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, эмнэлгийн  тусламж үзүүлсэн хурдан морь, унаач хүүхдийн талаар болон дараа жилийн уралдаанд анхаарах асуудлын тухай тодорхой санал, дүгнэлт бүхий тайланг Салбар хороонд ирүүлнэ.

 

            10.2. Салбар хороо тайланг нэгтгэж баяр наадмын "Хурдан  морины уралдаан зохион байгуулсан тухай" нэгдсэн тайлан  гаргаж, зардлын тооцоог хавсарган Зохион байгуулах хороонд хүргүүлнэ.

 

Арван нэг. Бусад зүйл /Энэ хэсгийг Засгийн газрын 2007 оны 130 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

            11.1. Улсын баяр наадамд айрагдсан бүх морийг сэргээшийн шинжилгээнд оруулна.

 

            11.2. Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шилжүүлэх ажлыг Зохион байгуулах хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулна.

 

            11.3. Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ.

 

            11.4. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Зохион байгуулах хороонд, Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно .

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00