100 гаруй мянган хүн амтай, харицангуй төвлөрсөн, суурьшмал орон нутагт хамаардаг Эрдэнэт хот-Орхон аймаг 30 гаруй мянган өсвөр үеийхэнтэй. Энэ хотод 1974 онд анхны сууриа тавьж байсан хүүхдийн байгууллага 1991 онд Монгол улсын засгийн газрын 205 тогтоолоор Хүүхдийн төлөө төв болж, хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа өргөтгөснөөр хүүхэд хамгааллын чиглэлд нэг шат ахисан түүхтэй. Түүнээс хойш нэршилээ хоёронтоо сольж, тэр чинээгээрээ зорилго, зорилт, үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжиж, өдгөө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал анхлан зөвхөн хүүхдийн төлөө ажиллахаар сууриа тавьж байсан байгууллага өнөөдөр хүн амын бүх насны ангиллыг хамарсан, хүүхдийг гэр бүлд нь хамгаалал, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий газар болж өргөжжээ. Гэхдээ үүнээс илүүтэй хүүхэд хамгааллын чиглэлд нэг шат ахисан үйл явц бол 2017 оноос эхлэн Хүүхэд хамгааллын зардалыг төрөөс бодьтойгоор шийдэж эхэлсэн явдал юм. Хүүхэд, гэр бүлд хамгааллын болоод нөлөөллийн үйлчилгээ үзүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын хаалга тогшдог явдал үүгээр дуусч, хүний төлөө, хүүхдийн төлөө төрийн үйлчилгээг илүү чанартай, илүү амьдралд ойртсоноор хүргэх боломж бололцоо энэ онуудад нээгдсэн.
Энэ ажлын хүрээнд төрийн албан хаагчдын ажил үүргийн хуваарь, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгож, хүмүүжлийн эерэг арга, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тогтмол зохион байгуулжээ. Үр дүнд нь иргэд байгууллагын үйлчилгээний талаар мэдлэг мэдээлэлтэй болж, тулгамдаад байгаа асуудлаа хэнд хаана, яаж тавихаа мэддэг болоод байна. Иргэдийн мэдээлэл сайжирснаар төрийн үйлчилгээнд тавих хяналт, эрхээ хамгаалах чадамж дээшилсэн. Хүүхдийн эрх хамгаалал бол яахын аргагүй олон нийтийн үйлс билээ. Хүүхдийн эрхийг зөрчигчид мэдлэггүйгээсээ, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргазүйд суралцаагүйгээсээ, мөн өөрийн сэтгэлзүй, дотоод хандлагаа захирч чаддаггүйгээсээ гэмт үйлдэл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшүүлэх, хүмүүжлийн эерэг аргад суралцуулах, сэтгэлзүйд тохиолдсон бэрхшээлээ хэрхэн даван туулах талаар мэдээлэл олгох сургалт, олон нийтэд хандсан нөлөөллийн ажилд түлхүү төвлөрөн ажиллажээ. Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 12 удаа сурталчилж, 6500 ш гарын авлага материал тарааж, ТВ радиогийн ярилцлагад 4 удаа оролцсон. Мөн “Эрдэнэт хүний хөгжлийн газар” Facbook группд гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 350 постор, үйл ажиллагааны 200 мэдээ, хамтран ажиллах гэрээ байгуулсан “EBS” телевизэд 45 мэдээ, “ТҮ-9”, “Монгол HD” телевизэд 35 мэдээ, “Эрдэнэт пост” сайтад 30 баннер байршуулж, олон нийтэд хүргэсэн байна. Өөрийн байгууллагын вэбсайтаар хүүхдийн байгууллагын мэдээ мэдээллийг түгээхийн зэрэгцээ “Дотно шивнээ” буланг ажиллуулж, өсвөр насныхны тулгамдсан асуудалд зөвөлгөө мэдээллийг мэргэжлийн сэтгэлзүйчээр дамжуулан хүргэж эхэллээ.
Хүүхдийн тусламжийн 108 утсыг орон даяар сурталчилж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар Хүүхэд хамгааллын анхны мэдээллийн дэд бүтэц бий боллоо. Хүүхдүүд эрх нь хөндөгдөхөд хаана хандахаа мэддэг болж, хүүхдийн эрхийн зөрчил бүрийг мэдээлдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байна.
2019 оны 11-р сарын байдлаар Хүүхэд хамгааллын 108 утсанд Орхон аймгийн харьяалалтай 100 дуудлага иржээ. Дуудлагыг ангилбал: Сэтгэл санааны хүчирхийлэл 24, үл хайхрах 46, бие махбодын 28, бэлгийн хүчирхийллийн шинжтэй 2 дуудлага байна. 108 утсанд ирсэн дуудлагын 90 орчим хувийг архидалтын улмаас хүүхдийн эрхийг хөндсөн, хүүхэд хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлжээ. Ирсэн дуудлагуудыг багуудын Хамтарсан баг руу шилжүүлэн 70 гаруй хувьд нь нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийж, нөхцөл байдлыг тодорхойлон цаашид ажиллах арга хэмжээгээ төлөвлөн үйлчилгээ үзүүлж, ажилласан байна.
Хүүхэд хамгааллийн үйлчилгээний өөр нэг амин чухал хэсэг-Хүүхдэд хамгийн ойр, анхан шатны үйлчилгээ үзүүлдэг нэгж бол Хамтарсан баг. Орхон аймгийн хэмжээнд 23 Хамтарсан багт 130 гаруй төрийн албан хаагч ажиллаж, хүүхдийн эрхийг хүн бүрт ойлгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрт хүргэхээр ажиллаж байна. Багийн Засаг даргаар ахлуулж, баг, сургуулийн нийгмийн ажилтан, эмч, цагдаа гээд бүхий л төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдаас бүрдсэн Хамтарсан багийн үйл ажиллагаа хүүхдийн эрх хамгаалалд нэн чухал билээ. Хамтарсан багууд энэ онд урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 26 удаагийн сургалт, 335 сурталчилгаа, 18 хэлэлцүүлэг, 283 удаагийн хууль сурталчлах ажлыг зохион байгуулж, 6100 хүнийг хамруулжээ. Нөхцөл байдлын үнэлгээний үйлчилгээг 300, гэр бүлийн дэмжих үйлчилгээг 704, дэмжих, холбон зуучлах үйлчилгээг 311 хүнд үзүүлсэн байна. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хүчирхийлэлд өртсөн болон эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигдсөн 8 хүүхдийн дуудлагад Хамтарсан баг болон ЭМГ, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтарч, эрүүл мэндийн болон нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж, хяналтад авч, эргэх холбоотой ажиллажээ. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хамтарсан багийг чадавхижуулах, аргазүйгээр хангах, хамтран ажиллах чиглэлээр төлөвлөгөөт ажлыг тогтмол зохион байгуулдаг. Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг явуулж, 120 хүн хамрагдсан. Сургалтыг дадлага ажил, кейс ажиллах хэлбэрээр зохион байгуулж, дадлага ажлын үеэр Хамтарсан багийн гишүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид хийх ажлын санал санаачлагыг сонсчээ. Мөн 21 багийн хүүхэд хамгааллын Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан, 51 албан хаагчдад хүндрэлтэй кейс үйлчилгээнд хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөөг өгсөн. Хамтарсан багуудтай цуг гэр бүлийн хүчирхийлэл бүхий архины хамааралтай айл өрхийн судалгааг баг бүрээр нь гаргалаа. Хамтарсан багийн гишүүдийг газар дээр нь чадавхижуулах ажлын хүрээнд 16 хүндрэлтэй кейс үйлчилгээнд хамтран ажиллаж, үйлчилгээний үр дүнг тооцон багийн хүүхэд хамгааллын Хамтарсан багийн гишүүдтэй зөвшилцөн шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ Хамтарсан багууд Хүүхэд хамгааллын 108 утасны хариу үйлчилгээнд хамтран ажиллаж, шийдвэрлэлт нь 95 хувьтай байна.
Хүүхэд хамгааллын чиглэлээр бодит үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд “Хүүхэд–оролцоо-хөгжил-хамгаалал 1:1” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэгийг харьцах нэгээр хүүхдийн хүмүүжил төлөвшилд ахиц дэвшилийг гаргасан байна.
Зорилтот бүлгийн 35, 108 утсанд ирсэн дуудлагаар ирсэн кейсүүдээс 32 хүүхдийг сонгон “Хүүхэд–оролцоо-хөгжил-хамгаалал 1:1” хөтөлбөрийг 6 сарын хугацаатай хэрэгжүүллээ.
Батлан даагчаар хүүхдийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх санал санаачлагыг гаргаж, гавьяаныхаа амралтад байгаа багш, эмч мэргэжилтэй ахмад настангуудтай хамтран хэрэгжүүлсэн уг хөтөлбөр 11 төрлийн үйлчилгээнд хүүхдүүдийг хамруулсан. Ахмад, дунд үе болон хүүхэд гэсэн гурван тэгш оролцоог хангаж, хүмүүжил төлөвшилийн эерэг залгамж халааг бий болгосон энэхүү үйл ажиллагаа зохих үр дүнгээ өгсөн юм. Нэг ахмад настан нэг хүүхдийг хариуцан зөвлөн туслах үйлчилгээг хариуцан хийсэн тул “1:1” гэж энэхүү хөтөлбөрийг нэрлэсэн. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд хүүхэд ямар нэг эрсдэлт өртөөгүй, зан байдлын аливаа сөрөг хандлага илрээгүй. “Хүүхэд-оролцоо-хөгжил-хамгаалал 1:1” хөтөлбөрт 21 багийн зорилтот бүлгийн 11-13 насны 67 хүүхэд өөрөө оролцож, хамтарч ажилласнаар хүүхэд хөгжиж, хамгаалал сайжирч, дараах үр дүнгүүд гарлаа.
- Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нэмэгдсэн
- Гэр бүл, Эцэг эхийн хандлага, хүүхэдтэй харилцах харилцаа сайжирсан.
- Хүүхэд эрх үүргээ мэдснээр аливаа эрсдлээс хамгаалагдах нөхцөл бүрдсэн.
- Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөртөө итгэл итгэлтэй болсон.
2019 онд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулах үйлчилгээг анх удаагаа зохион байгууллаа. Мөн хүүхдийн орчин, хичээлдээ ирэх буцах замыг Хүүхэд хамгаалагчид хамгаалдаг боллоо. Хүүхдийг эрсдлээс, аюулаас хамгаалах тал дээр шинэ шинэ алхамуудыг төрийн байгууллагууд салбар дундын уялдаагаа хангаж, хамтран хийсээр байна.
Эрсдлийн программд бүртгэгдсэн 180 хүүхдээс 150 хүүхдийг эрсдлийн түвшингийн оноогоор нь эрэмблэн “Номин даатгал” компанитай 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гэрээ байгуулж, даатгуулсан. Ингэснээр аливаа эрсдэлд өртөх магадлал өндөртэй хүүхдүүдэд даатгалын нөхөн төлбөр олгогдох, тусламж үйлчилгээг даатгалд суурилан хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдлээ. Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай хамтран хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэн эрсдэлээс хамгаалах зорилго бүхий “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2 ахмад настан ажиллаж, сар бүр тайлангаа ирүүлж, хүүхэд хамгаалалд идэвхийлэн зүтгэж байна. Хүүхдийн эрхийг хангах, тэдний сурч боловсрох, амьдрах орчны эрсдлийг бууруулах ажлын хүрээнд сүм хийдүүдэд үзлэг хийж, өндөр өнжүүлэх төв, асрамж халамжийн газруудын үйл ажиллагааг хянаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж ажиллалаа. 25 сүм хийд, 1 асрамж халамжийн төв, 6 өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг бусад байгууллагуудтай хамтарч, мөн дангаараа хянаж, хүүхдийн эрхийг хангахад анхаарсан байна. Мөн 14 цахим тоглоомын газарт хамтарсан үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдал илэрсэн хоёр тоглоомын газрыг хаах саналыг холбогдох газарт нь хүргүүлсэн. Хүүхдийн хөдөлмөрийн сарын аяны хүрээнд МХГ-тай хамтран 18 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт явууллаа. Үзлэгийн явцад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд илрээгүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар аливаа хяналт, үзлэгтээ зөвлөн туслах үйлчилгээг голлон эрхэмлэдэг. Бидний ажлын үр дүн бол хүүхдийн инээмсэглэл. Тус газар дээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж эхэлснээр хүүхдийн эрхийг хөсөрдүүлэгч хэнд ч зохих арга хэмжээг газар дээр нь шуурхай авч, аливаа эрсдлийг шууд арилгах боломж бололцоо нээлттэй болсон. 2019 оны тухайд Хүүхдийн эрхийн улсын байцаагч Хүүхэд хамгааллын 108 утас болон өргөдөл гомдлоор ирсэн 5 зөрчлийн дуудлага мэдээлэл дээр хэрэг нээж, иргэн байгууллагад хариуцлага тооцож, 630000 төгрөгийн торгууль оногдуулаад байна.
Хүүхдийн гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг дахин гэмт үйлдэлд холбогдуулахгүй байх нь аймгийн Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны эрхэм зорилго. 11 хүний бүрэлдэхүүнтэй тус хороонд хуулийн байгууллагын бүхий л төлөөлөл багтдаг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь тус хорооны ажлын албаар үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны төлөвлөлтөөр гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг харилцаа хандлага, зан үйлийг өөрчлөх, сэтгэл зүй, хууль, эрх зүй гэсэн 3 чиглэлээр зохион байгуулж байна. 2019 оны 11 сарын байдлаар өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, уур бухимдлыг хэрхэн зохицуулах, өсвөр насны хүүхдүүдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, хувь хүний хөгжил, хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн чиглэлээр 10 удаа зохион байгуулжээ. Тус сургалтад нийт 14 хүүхэд хамрагдснаас 6 хүүхдийн сургалтын хугацаа дуусч тодорхойлолтыг гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтад явж буй хүүхдүүдээс хөдөлмөрлөх дадал олгох, гар урлалын сургалтад 2, МСҮТ-ийн үсчин, тракторын мэргэжил олгох сургалтад 2 хүүхдийг хамрууллаа. Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх ганцаарчилсан уулзалтыг 4 удаа зохион байгуулж, насанд хүрээгүй 7 хүний хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан. Үүнд: Бэлгийн хүчирхийлэл 4, бүлэг хулгай 1, бие махбодийн хүчирхийлэл 1, тээврийн хэрэгслийг булааж жолоодсон 1 хэрэг байв. Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Прокурорын газар, Боловсрол, соёл, урлагын газартай хамтран ерөнхий боловсролын 23 сургуулийн 9-12-р ангийн 4087 хүүхэд, 2 МСҮТ-ийн 1, 2-р ангийн 211 оюутнаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай асуулга, судалгаа авах ажлыг зохион байгуулж, нийт 4298 асуулгыг авсан. Судалгаа, асуулга авах үеэрээ хүүхдүүдэд “Мансууруулах бодисын хор уршиг” гарын авлагыг тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа. Асуулгыг нэгтгэн дүгнэлт гаргаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг 4 сургуулийн 887 ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан.
Оролцоо бол хүүхдийн хөгжил билээ. Хүүхдийн оролцоог тэдний хөгжил хамгаалалд хангаж чадвал ирээдүйдээ оруулах хамгийн их хувь нэмэр тэр юм. Эрдэнэт хотод хүүхдийн оролцооны байгууллагад 1700 хүүхэд хамрагдаж байна.
Аймгийн хэмжээнд хүүхдийн өөрийн удирдлагын 37 байгууллагад 1700 хүүхэд хамрагдаж байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудаас өөрсдийн санал санаачлагаар нэгдсэн 40 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй "Халуун сэтгэл" оролцооны байгууллага байгуулагдан үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж эхэллээ. Тухайн байгууллага нь ашгийн бусаар санхүү бүрдүүлэн хүнд хэцүү амьдралтай өрх иргэн, үе тэнгийн хүүхдүүдэд тусламж үзүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Наран багийн өрх иргэн, хүүхдүүдэд тусламж үзүүлээд байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 200 гаруй гишүүд оролцож энгэрийн тэмдэгээ гардаж авсан юм. БСУГ, “Шүүдэр” охидын клубтэй хамтран “Охид-Гэрэлт ирээдүй” охидын чуулганыг хийсэн. Чуулганд 300 охид, эмэгтэйчүүд оролцож тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, шийдлээ ярилцлаа. Наран, Эрдэнэ, Уурхайчин, Булаг багийн хүүхдийн чуулган зохион байгуулагдаж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн санал хүсэлтээ багийн удирдлагын төлөөлөлдөө уламжлаад байна. “Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, гишүүдийг чадавхижуулахад тулгарч буй бэрхшээлтэй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт аймгийн хүүхдийн XXI чуулганыг хүүхдийн “Янзага” зусланд 2019 оны 8-р сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Зуслан цугларалтын арга хэмжээнд хүүхдийн оролцооны байгууллагын 84 төлөөлөгч хүүхэд оролцож, үзэл бодлоо илэрхийллээ.
Аймаг, сумын хэмжээнд Хүүхдийн төлөө зөвлөл ажиллаж, хүүхэд-өсвөр үеийнхний эрх ашгийг орон нутагтаа бодлогын түвшинд хамгаалан хангахыг зорьдог. Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны гол чиглэл нь салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хүүхэд хамгаалалд бүхий л төрийн байгууллага, аж ахуйн нэгж, нийгмийн гишүүдийг ач холбогдолтойгоор тэгш хүртээмжтэй татан оролцуулах юм. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний шийдвэрээр нийгмийн халамж асрамжийн төвүүд, түр хамгаалах байр, эрсдэлт өртсөн хүүхдийг нийгэмшүүлэх “Сайн үйлс” төв зэрэг газруудыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аймгийн засаг даргын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулиуд болон асрамж халамжийн төвүүдийн хүүхдүүдийн “Бизнесийн гараа” уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Үзэсгэлэнд оролцсон 400 гаруй авьяаслаг хүүхдийн уран бүтээлийг аймгийн бэлэг дурсгалын санд 30 сая төгрөгөөр худалдан авч, хадгаламж нээн хүүхдүүдэд дэвтэрийг нь гардуулсан нь ирээдүйдээ оруулсан үнэлж баршгүй урмын дэм байсан юм. Үүний зэрэгцээ 12-р ангиа төгссөн 28 хүүхдэд 23 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгож, эрдмийн их аяных нь дөрөөг мялаалаа.
Эрдэнэт хотын хүүхдийн ордонд 23 хөгжлийн хөтөлбөр хичээллэж, 280 хүүхэд хамрагдаж байна. Энэ бол Хүүхдийн ордон ашиглалтад орсноос хойших хамгийн олон хөгжлийн хөтөлбөр хичээллэсэн, хамгийн олон хүүхэд хамрагдсан хичээлийн жил болж байгаагаараа онцлогтой.
Эрдэнэт хотод Хүүхдийн тодотголтой ховорхон байгууламжийн нэг бол хүүхдийн ордон. Тиймээс энэхүү ордоныг хүүхдийнхээр нь байлгаж, хүүхэд бүрийн зорьж ирдэг орчин болгох нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олны эрхэм зорилго. Өнөөдөр Хүүхдийн ордон дэргэдээ Ёс заншилын өргөөтэй, дотроо хүүхдийн номын сантай, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв соёлтой өнгөрөөх, хөгжих, танин мэдэхүйгээ тэлэх цогц орчинг бүрдүүлэхэд зохих хэмжээний дэвшилд хүрсэн хөгжлийн төв болоод байна. Хүүхдийн хөгжих ашигтай талбайг чөлөөлөх, хүүхдийн ордны зай талбайг хүүхдийн төлөө бүрэн ашиглахад анхаарал хандуулсны үр дүнд өнөөдөр тус ордонд ашиглалтад орсоноосоо хойш хамгийн олон хөгжлийн хөтөлбөр буюу 23 хөгжлийн хөтөлбөр хичээллэж, 280 хүүхэд сурч хөгжиж байна. Хүүхдийн ордон дэргэдээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай болж, уран бүтээлээрээ улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэллээ. Мөн хүүхдийн дуу бичлэгийн студийг тоноглож, удахгүй ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.
Хүүхэд, хөгжил оролцооны чиглэлд хийсэн шинэлэг томоохон ажлын нэг бол Хүүхэд хамгааллын жишиг сургууль хөтөлбөрийг Эрдэнэт хотноо хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуультай 2018-2019 оны хичээлийн жилд хүүхдийн оролцоо, хөгжил хамгааллыг дэмжихэд чиглэгдсэн дэд сэдвүүдийн хүрээнд 60 төрлийн ажил, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, давхардсан тоогоор 2800 хүүхэд, 264 багш, 2706 эцэг эхчүүдийн төлөөлөл оролцоод байна. Мөн жишиг сургуулийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн соёл хүмүүжлийн ажлын нээлтийг “Бид зуны амралтаараа” сэдвийн хүрээнд зохион байгуулж, 2-12-р ангийн 43 бүлгийн 959 сурагч амралтын тайлан үзэсгэлэнгээ гаргалаа. 6-12-р ангийн сурагчдаас энэ хичээлийн жилд авсан “Сонирхолын судалгаа”-нд үндэслэн сургууль зохицуулах цагаас зураг урлал, мэтгэлцээн, цэнгээнт бүжиг, Монгол бүжиг, залуу байгальч, найрал дуу, бишгүүр, амьд бичиг бийр, англи хэлний ярианы клуб, гимнастик, бадминтон, гар бөмбөг, сагсан бөмбөг, сэтгэх чадвар нийт 14 сонгон, дугуйлан, секцийг хариуцсан багш нарт танилцуулж, сурагчдыг судалгааны дагуу хамруулах ажлыг зохион байгуулсан. Дугуйлан секцэд давхардсан тоогоор 1145 сурагч хамрагдсан бөгөөд энэ нь тус сургуулийн нийт сурагчдын 53 % юм.
Хүүхдийн төлөө үйлсэд хүрэх хязгаар, хэмжих зааг гэж байдаггүй. Яагаад гэвэл хүүхэд өөрөө хязгааргүй, зааггүй, байнга оргилон бадарч байдаг гэгээлэг ертөнц билээ. Хүүхдийн төлөө чин сэтгэл үеэс үед, цагаас цагт бадарч, ирээдүй хойчийг маань гэрэлтүүлж байг.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 41 Өнөөдөр
- 213 Өчигдөр
- 609 Долоо хоногт
- 1361 Сүүлийн сард
- 224512 Нийт хандалт