info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ


Image

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр                                              Улаанбаатар хот

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:

4.1.1.хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.2.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;

4.1.3.хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах;

4.1.4.нууцлалыг хамгаалах;

4.1.5.салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх;

4.1.6.хүчирхийллийг үл тэвчих.

5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

5.1.3.“нэг цэгийн үйлчилгээ” гэж хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж болон энэ хуульд заасан бусад үйлчилгээг нэг доор үзүүлэх ажиллагааг;

5.1.4.“гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” /цаашид “хамтарсан баг” гэх/ гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуулийн 37, 38.1.1, 40, 41, 42 дугаар зүйлд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг;

5.1.5.“түр хамгаалах байр” гэж хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулан энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий стандарт хангасан газрыг;

5.1.6.“хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;

5.1.7.“холбон зуучлах үйлчилгээ” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд учирсан сөрөг үр дагаврыг арилгах, хэвийн байдалд нь оруулах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор холбогдох төрийн, төрийн бус байгууллагад зуучилж, хамтран үйлчилгээ үзүүлэхийг;

5.1.8.“хүчирхийллийн болзошгүй эрсдэл” гэж гэр бүлийн хүчирхийлэлд хүргэж болзошгүй, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэх нөхцөл байдлыг. 

6 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

6.1.Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ:

6.1.1.бие махбодын хүчирхийлэл;

6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл;

6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл;

6.1.4.бэлгийн хүчирхийлэл.

6.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

6.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

6.4.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

6.5.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.

6.6.Энэ зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.

7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох

7.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн этгээд гэрч, хохирогчид туслалцаа, дэмжлэг үзүүлсэн этгээд, энэ хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгих, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.

7.2.Гэр бүлийн хүчирхийллийг сурталчилсан, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно.

7.3.Хохирогчийг хуульд заасан эрхээ эдлэхэд түүний шашин шүтлэг, соёл, зан заншлын хэм хэмжээтэй холбогдуулан аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно.

8 дугаар зүйл. Хохирогчийн эрхийг хангах

8.1.Хохирогчийн эрхийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас гадна дараахь байдлаар хангана:

8.1.1.хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалуулахаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тэргүүн ээлжид шийдвэрлэх;

8.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг хүлээн авсан, хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний хувийн мэдээллийг нууцлах, задруулахаас урьдчилан сэргийлэх;

8.1.3.хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэл учирсан гэж үзвэл энэ тухай гомдол, мэдээллийг биечлэн, эсхүл хууль ёсны төлөөлөгч болон бусдаар дамжуулан гаргах нөхцөлийг хангах;

8.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхээс үл хамааран хохирогч, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүнд энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх;

8.1.5.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний аюулгүй байдлыг хангах, даруй тусгаарлах, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг авах;

8.1.6.хохирогч өөрт хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцож санал өгөх, албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдол гаргах нөхцөлийг хангах;

8.1.7.хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд, өмгөөлөгч, төрийн, төрийн бус байгууллага хохирогчийн эрх ашгийг хуульд заасны дагуу төлөөлөх;

8.1.8.гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, явц, нөхцөл байдал болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн хариуцлагын талаархи мэдээллийг тухайн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогчид танилцуулж, тайлбарлан өгөх;

8.1.9.ажил олгогч нь хохирогчийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтад байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах;

8.1.10.хуульд заасан бусад.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦОО

9 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

9.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох;

9.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлах;

9.1.4.хуульд заасан бусад.

10 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

10.1.Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

10.1.2.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авах;

10.1.3.холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

10.1.4.хуульд заасан бусад.

11 дүгээр зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

11.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг энэ хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу зохион байгуулах;

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

11.1.3.салбарын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.4.гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллага хоорондын мэдээлэл солилцох журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.5.хууль сахиулагчийг бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандартад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх агуулгыг тусгах;

11.1.6.харьяа агентлаг, байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;

11.1.7.хуульд заасан бусад.

12 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг

12.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;

12.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, чиглэл өгөх, хяналт тавих;

12.1.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналыг боловсруулах;

12.1.4.энэ хуулийн 11.1.4-т заасан журмын дагуу холбогдох мэдээллийг нэгтгэн боловсруулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

12.1.5.хохирогчид энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлж байгаа эсэх, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт болон ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавих хяналтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

12.1.6.улсын төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

12.1.7.хуульд заасан бусад.

12.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.2.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчид энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгуулах саналыг тухайн шатны Засаг даргад уламжлах;

12.2.2.хохирогчид энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

12.2.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

12.2.4.хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, чиглэл өгөх.

13 дугаар зүйл. Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

13.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах;

13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтныг давтан сургах хөтөлбөр болон сургалт зохион байгуулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.3.харьяа агентлаг, байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;

13.1.4.энэ хуулийн 13.1.1-д заасан үйлчилгээ үзүүлэх ажилтныг бэлтгэх, арга зүйгээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

13.1.5.хуульд заасан бусад.

14 дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

14.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах;

14.1.2.боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.3.боловсролын байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;

14.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих;

14.1.5.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам батлах;

14.1.6.хуульд заасан бусад.

15 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

15.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг цэгийн үйлчилгээ, энэ хуулийн 38.1.2-т заасан сэтгэл заслын үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх;

15.1.2.хохирогчид энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эмнэлэгт ажиллах нэг цэгийн үйлчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

15.1.3.нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол, гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх;

15.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтыг зохион байгуулах;

15.1.5.эрүүл мэндийн байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;

15.1.6.хуульд заасан бусад.

16 дугаар зүйл. Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

16.1.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлах ажлыг зохион байгуулах;

16.1.2.хүчирхийллийг илэрхийлж, сурталчилсан агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох;

16.1.3.хуульд заасан бусад.

 

17 дугаар зүйл. Прокурорын байгууллагын чиг үүрэг

17.1.Прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргах, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина.

17.2.Улсын ерөнхий прокурор хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна.

 

18 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

18.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

18.1.2.Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

18.1.3.хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах;

18.1.4.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгөх;

18.1.5.сум, хороонд хамтарсан баг байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

18.1.6.хуульд заасан бусад.

19 дүгээр зүйл. Бүх шатны Засаг даргын чиг үүрэг

19.1.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

19.1.2.хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

19.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

19.1.4.орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

19.1.5.хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

19.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

19.1.7.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

19.1.8.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа этгээд, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;

19.1.9.хуульд заасан бусад.

20 дугаар зүйл. Хамтарсан баг

20.1.Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.

20.2.Хамтарсан баг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.2.1.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

20.2.2.хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;

20.2.3.нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх; 

20.2.4.хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах; 

20.2.5.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;

20.2.6.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх.

20.3.Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг нийгмийн хамгааллын, хууль зүйн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

21 дүгээр зүйл. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

21.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 38.1.1-д заасан сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ, энэ хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх; 

21.1.2.асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

21.1.3.хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;

21.1.4.хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

21.1.5.хуульд заасан бусад.

22 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын чиг үүрэг

22.1.Төрийн бус байгууллага нь дүрмийнхээ зорилгод нийцүүлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно:

22.1.1.энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх;

22.1.2.олон нийтэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаархи мэдээлэл түгээх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;

22.1.3.хохирогчийг түр хамгаалах байраар хангах болон энэ хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх.

22.2.Энэ хуулийн 22.1.1, 22.1.3-т заасан чиг үүргийг энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагад олгох санхүүжилт, ажилтны цалин, урамшуулал нь адил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагынхаас багагүй байна.

22.4.Төрийн бус байгууллага нь хохирогчийн хүсэлтээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

22.5.Энэ хуулийн 22.4-т заасан итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:

22.5.1.хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн, төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах;

22.5.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олж авах;

22.5.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаархи саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах;

22.5.4.хохирогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох;

22.5.5.хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох байгууллага, хуулийн этгээд, бусад этгээдээс дэмжлэг хүсэх;

22.5.6.хуульд заасан бусад.

22.6.Энэ хуульд заасны дагуу хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ

23 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

23.1.Дараахь албан тушаалтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй:

23.1.1.бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан;

23.1.2.эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;

23.1.3.сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан;

23.1.4.төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.

23.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно.

23.3.Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно.

23.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй.

23.5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.

23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг нууцлах үүрэгтэй.

23.7.Холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг задруулахыг хориглоно.

24 дүгээр зүйл. Сум, багийн Засаг даргын үүрэг

24.1.Сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь арга хэмжээг шуурхай авах үүргийг хүлээнэ:

24.1.1.хүчирхийлэл үйлдэгчийг дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх;

24.1.2.хохирогчийг эмнэлгийн яаралтай тусламжид холбох, шаардлагатай бол хохирогчийн байгаа орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, боломжтой бол хохирогчийг төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;

24.1.3.хохирогчид энэ хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллээр хангах;

24.1.4.хохирогчийн зөвшөөрснөөр харьяа сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх;

24.1.5.хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч, гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

24.1.6.энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5-д заасны дагуу авсан арга хэмжээний талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэж, холбогдох тэмдэглэлийг шилжүүлэх;

24.1.7.хуульд заасан бусад.

24.2.Сум, багийн Засаг дарга хохирогч бие махбод, сэтгэл санааны хувьд ноцтой хохирол хүлээсэн, хохирч болзошгүй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй гэж үзвэл хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа сум, баг, хорооны нийгмийн ажилтанд, эсхүл сургуулийн нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

25 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг

25.1.Цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх талаар дараахь үүргийг хүлээнэ:

25.1.1.хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, ашиглах;

25.1.2.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах.

25.2.Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно.

25.3.Энэ хуулийн 25.2-т заасан нэгжийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх ажилд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтныг оролцуулна.

25.4.Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, дараахь ажиллагааг явуулж болно:

25.4.1.хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;

25.4.2.хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;

25.4.3.аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх;

25.4.4.хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх;

25.4.5.энэ хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.8-д заасан хохирогчийн эрхийг хангах арга хэмжээ авах;

25.4.6.шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;

25.4.7.галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авах.

25.5.Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна.

25.6.Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэнэ.

25.7.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 25.4.1-д заасан хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл, шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулна.

26 дугаар зүйл. Нийгмийн ажилтны үүрэг

26.1.Сум, дүүрэг баг, хорооны нийгмийн ажилтан дараахь үүргийг хүлээнэ:

26.1.1.хохирогчийг мэдээллээр хангах, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх;

26.1.2.гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх;

26.1.3.нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчийн хэрэгцээг тодорхойлж, хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

26.1.4.хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг зохион байгуулах;

26.1.5.хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхэд, гэр бүлийг илрүүлэх судалгааг энэ хуулийн 24, 25, 27 дугаар зүйлд заасан ажилтан болон баг, хорооны ажилтантай хамтран хийх, бүртгэл хөтлөх, үйл ажиллагаандаа ашиглах;

26.1.6.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

26.1.7.хохирогчид үзүүлэх хамтарсан багийн үйлчилгээг төлөвлөх, уялдуулан зохицуулах, үйлчилгээний тайлан, мэдээнд үндэслэн дараа жилийн үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах саналыг Засаг даргад гаргах;

26.1.8.хуульд заасан бусад.

26.2.Сургуулийн нийгмийн ажилтан Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараахь үүргийг хүлээнэ:

26.2.1.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтарсан багтай хамтран ажиллах;

26.2.2.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, туслалцаа, дэмжлэгийн талаар эцэг, эх, багш, холбогдох бусад ажилтанд зөвлөгөө өгөх;

26.2.3.гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагч, багш, боловсролын байгууллагын бусад ажилтан, эцэг, эхэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах;

26.2.4.энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан хөтөлбөр, стандарт, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

27 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны үүрэг

27.1.Эрүүл мэндийн ажилтан хохирогчийг хамгаалах талаар дараахь үүргийг хүлээнэ:

27.1.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулах;

27.1.2.хохирогчийг шаардлагатай үйлчилгээний талаархи мэдээллээр хангах;

27.1.3.энэ хуулийн 27.1.1-д заасан үүргийг хэрэгжүүлэх ур чадвар эзэмших чиглэлээр сургалтад хамрагдах;

27.1.4.хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нийгмийн ажилтантай хамтран ажиллах, мэргэжлийн дүгнэлт гаргах;

27.1.5.хуульд заасан бусад.

27.2.Энэ хуулийн 27.1.4-т заасан үүргийг өрхийн эмч, шаардлагатай тохиолдолд бусад эмч гүйцэтгэнэ.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ

28 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах

28.1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан үүргийг хүүхдийг асран халамжилж байгаа этгээд нэгэн адил хүлээнэ. 

28.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

29 дүгээр зүйл. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

29.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.

29.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

29.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх, мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

29.4.Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утсаар хүлээн авсан мэдээллийг цагдаагийн байгууллага, эсхүл сум, багийн Засаг даргад хүргэх, хүүхдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, туслалцаанд холбох ажиллагааг гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.

29.5.Хүүхэд хохирсон, эрсдэлтэй нөхцөлд байгаа тухай мэдээллийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж, холбогдох үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна. 

30 дугаар зүйл. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах

30.1.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэмжээг авна:

30.1.1.хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх;

30.1.2.энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээг авах боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад этгээд, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх;

30.1.3.хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх.

30.1.4.хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх.

30.2.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.3.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг цагдаагийн алба хаагч, сум, багийн Засаг дарга, харьяа сум, баг, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, эсхүл хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтантай хамтран хэрэгжүүлнэ.

30.4.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг аюулын эрсдэлийн зэрэг дунд, өндөр, эсхүл дараахь нөхцөл байдлыг байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авна:

30.4.1.хүчирхийллийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;

30.4.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;

30.4.3.хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;

30.4.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;

30.4.5.хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.

30.5.Цагдаагийн алба хаагч, эсхүл сум, багийн Засаг дарга энэ хуулийн 30.1-д заасан иргэн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна. 

30.6.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд долоо, түүнээс дээш настай бол энэ хуулийн 30.1.2-т заасан этгээд, гэр бүлийг сонгоход түүний саналыг харгалзана.

30.7.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авсан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

30.8.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авагдсан нөхцөлд хүчирхийлэл үйлдэгчийн тухайн хүүхэдтэй уулзах, харилцах эрх хязгаарлагдана.

30.9.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авагдсан үед хүчирхийлэл үйлдэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

30.10.Шаардлагатай бол энэ хуульд заасан үйлчилгээнд тухайн гэр бүлд амьдарч байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй хамаарал бүхий бусад хүүхдийг хамруулж болно.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
АЮУЛЫН ЗЭРГИЙН БОЛОН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, ХОХИРОГЧИД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

31 дүгээр зүйл. Аюулын зэргийн үнэлгээ

31.1.Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ.

31.2.Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийнэ.

31.3.Аюулын зэргийн үнэлгээ хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32 дугаар зүйл. Нөхцөл байдлын үнэлгээ

32.1.Нийгмийн ажилтан дараахь байдлыг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ:

32.1.1.гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй байдлыг;

32.1.2.хохирогчид учирсан, эсхүл учирч болзошгүй сөрөг үр дагаврыг;

32.1.3.хохирогчид үзүүлэх үйлчилгээг.

32.2.Нөхцөл байдлын үнэлгээ нь дүгнэлт хэлбэртэй байна.

32.3.Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

33 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл

33.1.Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна: 

33.1.1.аюулгүй байдлын хамгаалалт;

33.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

33.1.3.сэтгэл зүйн үйлчилгээ;

33.1.4.нийгмийн халамжийн үйлчилгээ;

33.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ;

33.1.6.эрх зүйн туслалцаа;

33.1.7.холбон зуучлах үйлчилгээ.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран үзүүлэх, үйлчилгээний талаархи мэдээллийг солилцох үүрэгтэй.

33.3.Хохирогчийн хүсэлтээр энэ хуульд зааснаас бусад төрлийн үйлчилгээ, түүнийг үзүүлдэг байгууллага, ажилтны талаархи мэдээллийг өгч болно.

33.4.Хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны хэрэгцээ, шаардлагыг харгалзана.

33.5.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.

33.6.Хуулийн этгээд, бусад этгээд нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан цагдаагийн байгууллага, алба хаагч, сум, багийн Засаг дарга, хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа төрийн, төрийн бус байгууллага, ажилтнаас өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, тавьсан шаардлагыг биелүүлэх, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

33.7.Монгол хэл, бичиг мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчид энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээ үзүүлэхэд орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангана.

34 дүгээр зүйл. Аюулгүй байдлын хамгаалалт

34.1.Хохирогчид үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ дараахь хэлбэртэй байна:

34.1.1.түр хамгаалан байрлуулах;

34.1.2.нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх;

34.1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээнд хамруулах.

35 дугаар зүйл. Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ

35.1.Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлнэ. 

35.2.Түр хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно.

35.3.Түр хамгаалах байр хохирогчид энэ хуулийн 33.1.2, 33.1.3, 33.1.4, 33.1.5, 33.1.6-д заасан үйлчилгээг холбогдох байгууллагатай хамтран үзүүлнэ.

35.4.Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд хувьсах зардлыг тооцох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

35.5.Түр хамгаалах байрны байршил нууц байна.

35.6.Түр хамгаалах байрны аюулгүй байдлын хамгаалалтыг цагдаагийн байгууллага, эсхүл гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлнэ.

35.7.Шашны суртал, номлолыг дэлгэрүүлэх, ашиг олох, хууль бус үйл ажиллагааг халхавчлах зорилгоор түр хамгаалах байр байгуулах, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

35.8.Түр хамгаалах байранд хүчирхийлэл үйлдэгч нэвтрэх, аливаа хэлбэрээр хохирогчтой холбоо тогтоохоор оролдох, хохирогчид айдас, түгшүүр үүсгэх бусад үйлдэл хийх болон түр хамгаалах байрны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

35.9.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой эсэхээс үл хамааран түр хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

35.10.Түр хамгаалах байрны стандартыг стандартчилал ,техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус  батална.

/Энэ хэсгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36 дугаар зүйл. Нэг цэгийн үйлчилгээ

36.1.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж нь эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллана.

36.2.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг энэ хуулийн 35.4-т заасны дагуу тооцож, улсын төсвөөс санхүүжүүлнэ.

36.3.Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага хяналт тавих бөгөөд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

36.4.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журмыг хууль зүйн, эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

36.5.Нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартыг стандартчилал , техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

37.1.Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн хохирогчид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.7-д заасан үйлчилгээг үзүүлнэ.

37.2.Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад үйлчилгээг хохирогчийн байнга, эсхүл түр оршин сууж байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, хэрэв хохирогч эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд байгаа бол уг байгууллагын оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.

37.3.Хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38 дугаар зүйл. Сэтгэл зүйн үйлчилгээ

38.1.Хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ дараахь хэлбэртэй байна:

38.1.1.сэтгэл зүйн зөвлөгөө;

38.1.2.сэтгэл заслын үйлчилгээ.

38.2.Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хохирогчид сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

39 дүгээр зүйл. Эрх зүйн туслалцаа

39.1.Хохирогчид үзүүлэх эрх зүйн туслалцаа дараахь хэлбэртэй байна:

39.1.1.эрх зүйн зөвлөгөө;

39.1.2.өмгөөллийн үйлчилгээ.

39.2.Эрх зүйн зөвлөгөөг утсаар болон цахим хэлбэрээр үзүүлж болно.

39.3.Хохирогчид өмгөөллийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу үзүүлнэ.

40 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн үйлчилгээ

40.1.Хохирогчид үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1-д заасан төрөлтэй байна.

40.2.Хохирогчид нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

41 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээ

41.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үйлчилгээ байна.

41.2.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд долоо, түүнээс дээш настай бол хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ түүний саналыг харгалзана.

41.3.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авсан бол суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах арга хэмжээ авна.

41.4.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь тусгаарлан нэг цэгийн үйлчилгээнд хамруулах, түр хамгаалан байрлуулах тохиолдолд насанд хүрсэн этгээдээс тусад нь байрлуулна.

41.5.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг үйлчилгээний төрөл тус бүрээр холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42 дугаар зүйл. Холбон зуучлах үйлчилгээ

42.1.Нийгмийн ажилтан энэ хуулийн 26.1.2-т заасны дагуу хийсэн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилна.

42.2.Хохирогчид үйлчилгээ үзүүлсэн байгууллага, ажилтан үйлчилгээний явц, үр дүнгийн талаар хохирогчийг холбон зуучилсан байгууллагад эргэж мэдээлнэ.

42.3.Холбон зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангана.

42.4.Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

43 дугаар зүйл. Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам

43.1.Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа, эсхүл энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу түр хамгаалалтад байгаа хохирогч, түүний насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэл үйлдэгчтэй уулзах шаардлагатай бол насанд хүрсэн хохирогч өөрөө, эсхүл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж болно.

43.2.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд арван дөрвөн насанд хүрсэн бол өөрөө хүсэлт гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.

43.3.Хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан баг хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

43.4.Хамтарсан баг уулзалтын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээг үндэслэн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзана.

43.5.Дараахь тохиолдолд хохирогч, түүний хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглоно:

43.5.1.хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай байгаа бол;

43.5.2.бэлгийн хүчирхийллийн хохирогч бол;

43.5.3.хохирогч болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол;

43.5.4.хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол.

43.6.Уулзалтыг сум, баг, хорооны нийгмийн ажилтан хариуцан зохион байгуулах бөгөөд аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцна. 

43.7.Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах уулзалтыг зохион байгуулах журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

44 дүгээр зүйл. Зан үйлд нөлөөлөх сургалт

44.1.Гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна.

44.2.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно.

44.3.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

44.4.Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хорих ял шийтгүүлсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зохион байгуулна.

44.5.Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

45 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

45.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараахь хэлбэрээр хяналт тавина:

45.1.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаархи Засгийн газрын тайланг жил бүр хэлэлцэн, шийдвэр гаргах;

45.1.2.Монгол Улсын Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайланг жил бүр хэлэлцэн, чиглэл өгөх;

45.1.3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийг хуулиар хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагын болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах;

45.1.4.аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, ажлын мэдээг улирал тутам, тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэж чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах.

45.2.Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавина.

45.3.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу өгсөн чиглэлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан биелүүлэх, тайлагнах үүрэгтэй.

45.4.Холбогдох байгууллага, албан тушаалтан нь 45.1-д заасан тайлан, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй.

46 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

46.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан/

47 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

47.1.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00