info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОРХОН АЙМГИЙН ГБХЗХГ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАНГААС...


Image

 Орхон аймаг нь Эрдэнэт хот нэртэйгээр байгуулагдаж байсан, Монгол улсын харьцангуй залуу суурин газар-хот билээ. Анхлан илгээлтийн эзэд-залуус суурийг нь тавьж, уурхайн нүргээн, залуусын цог жавхаагаар үүдээ нээж, өрхөө татсан Монголын анхны үйлдвэрийн хот бол Эрдэнэт. Тэр ч утгаараа Эрдэнэтийг өнөө ч залуусын залуу хот гэдэг. Өдгөө Эрдэнэтийн хүн амын 38 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг-залуучуудын хөгжлийг дэмжих хууль хэрэгжиж эхлэхэд Орхон аймаг-Залуучуудын хөгжлийн төвтэй, залуусын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөртэй байснаараа онцлог. Тодруулбал Орхончууд залуусын хөгжлийг дэмжих чиглэлээрээ нэгээс хоёр алхам түрүүлчихсэн байлаа. Энэ давуу талаа ч өнөөдрийг хүртэл барьж, энэ салбартаа зохих түвшний ахицыг хадгалсаар байна. 2019 оны хувьд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, амьдрах ухаан, зан үйлийг төлөвшүүлэх, залуучуудын салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих, холбон зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулж, нийгмийн хөдөлгөгч хүч, манлайлал болсон залуусаа идэвхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллалаа.

 Залуучуудын хөгжлийн төв 2019 оны 10 сарын байдлаар 22557 өсвөр үе, залуучуудыг үйл ажиллагаандаа хамруулсан байна. Залуучуудын оролцоо өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 74%-иар өссөн нь нийт залуучуудын 66,5%-д хүрсэн үзүүлэлт юм.

: Залуучууд хөгжлийн төвөөс залуучуудын хөгжлийг дэмжих дараах таван чиглэлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт:

-Хувь хүний хөгжил

-Боловсрол, соёл урлаг, спорт:

-Эрүүл мэнд:

-Хөдөлмөр эрхлэлт

- Аюулгүй амьдрах, хөгжих орчин

Энэхүү таван чиглэл нь залуучуудын хөгжлийг дэмжихээр хуульчлагдсан таван чиглэл юм. Залуучуудын хөгжлийг дэмжих хууль нь залуусын оролцоо идэвхи дээр хэрэгжих, тэдний хөгжлийн түүчээ болохоос гадна тэдний гар дээр ажил хэрэг болох ёстой хууль юм. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд залуусын мэдлэг мэдээллийг тэлэх, тэдний хүсэл тэмүүллийг өдөөх, хандлагад дотоодоос нь өөрчлөлт гаргахад Залуучуудын хөгжлийн төв анхаарлаа хандуулан ажилладаг.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР:

 Залуучуудын хөгжлийн төв ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ДЭМЖИХ чиглэлээр Амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх есөн төрлийн модуль сургалтаас гадна компьютер, англи хэл, оёдол, гар урлалын сургалтуудыг үе шаттай зохион байгууллаа. Амьдрах ухааны сургалтын зорилго нь залуусыг бие даалгах, бэлэнчлэх сэтгэлгээнээс зайлсхийлгэх, үүссэн нөхцөл байдалд хурдан дасан зохицож өөрт ашигтай шийдэлд хүрэх, өөрийгөө илэрхийлэх, бэрхшээлийг даван туулах чадварт сургах, стрессийг таниж, өөрийгөө удирдах, зорилгоо тодорхойлж түүндээ хүрэх дадлыг эзэмшүүлэх юм. Тус есөн модуль сургалтыг зорилтот бүлэг рүү чиглүүлж явуулснаар залуусын амьдралын хэв маяг, сэтгэлгээнд урт хугацааны дэвшил анзаарагдаж эхэлж байна. Энэ оны тухайд амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх сургалтад 120 залуу хамрагджээ. Эдгээр тооны залуус өөрсдийн амьдралаа шинэчлэх гарааны зурхайд боломжоо атган ирлээ гэсэн үг. Мэргэжлийн ур чадвар олгох сургалтаас гадна гадаадад тухайн орны орчин нөхцөлд хэл сурах боломжийг бүрдүүлэхээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна. Энэ жилийн хувьд Япон улсын гадаад хэлний сургуульд 7 залууг зуучилсан. Өндөр технологитой, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсын хэл, соёлыг Эрдэнэтийн залуус газар дээрээс нь судлах боломж бүрдлээ.

 Залуучуудын хөгжлийн төв залуучуудад сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг өгч сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэж чаддаг боллоо.

 Залуучуудын хөгжлийн төв дээр мэргэжлийн сэтгэлзүйч ажилласнаар залуус өнөөгийн нийгэмд хамгийн их тулгамдаад байгаа сэтгэлзүйн үйлчилгээг хамгийн ойроос авах боломжтой болсон. 2019 оны хувьд сэтгэлзүйн ганцаарчилсан зөвөлгөөг 50 хүн, бүлгийн зөвлөгөөг 43 залуучуудад хүргэж, тулгамдаж буй асуудлуудыг нь зохих түвшинд шийдвэрлэсэн байна.

Амьдралдаа хөл алдана гэдэг хэрэг дээрээ залуу омголон яваа хэнд ч тохиолдож болох эрсдэл. Алдлаа гэхэд алдаагаа засах, ахиад алдахгүй байх, алдагдсан бүхнээ эргүүлэн сэргээх гээд амаргүй олон даваатай тулгардаг. Залуучуудын хөгжлийн төвийн энэ жилийн өмнөө тавьсан зорилгуудын нэг бол амьдралдаа алдсан залуусдаа хувь хүний хөгжлийг хүргэх байлаа. Ийм ч учраас хорих ангиас суллагдах залуучуудад нийгэмшүүлэх сургалтыг ШШГГ болон Насан туршийн боловсролын төвтэй хамтран 3 сарын турш үе шаттай зохион байгуулж нийт 84 хүмүүжигч хамрагдсны 40% 15-34 насны залуучууд байсан юм. Мөн 10 залууд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, 1 залуугийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, тэргэнцэрийн тусламж үзүүлсэн. Эдгээр залуучуудаас суллагдсаных нь дараа таван залууг ажлын байранд холбон зуучиллаа. Залуус бүрт хаана ч хэзээ ч хүрч тэгш хөгжлийг хүргэх нь залуусын хөгжлийн төлөө үйлсийн уриа-туг нь билээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:

 Залуу насыг чимдэг, залуу насыг хөглөж бас хурцалдаг зүйл бол яахын аргагүй соёл урлаг, спорт. Сурахын сайхныг мэдэрч, эрдмийн оргилд тэмүүлж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирдэг нас ч бас идэр ахуй үе. Энэ чиглэлээр Залуучуудын хөгжлийн төв дараах ажлыг хийж амжууллаа.

 Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв Боловсрол, соёл урлаг, спортын чиглэлээр залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг улирал бүр зохион байгуулж хэвшлээ. Энэ жилийн хувьд эдгээр үйл ажиллагаанд 5320 залуус хамрагдсан байна.

 Явган аялал, гороо аялал, АХА, АСТ, урлагийн наадам, гар бөмбөгийн тэмцээн, уран илтгэл, ажлын байран дахь дасгал хөдөлгөөн гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, залуусаа идэвхжүүллээ. Хамтаараа хийсэн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн залуусын эв нэгдэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйд бүтээх үйлс бүхнийх нь ул суурь болдог. Мөн эдгээр үйл ажиллагаанд хамрагдснаар эрүүл мэндээ анхаарч, амьдралын зөв дадал хэвшилтэй болохоос гадна мэдлэгийнхээ хүрээг танилынхаа хүрээтэй тэлдэгээрээ онцлогтой. Эрүүл биед саруул ухаан оршдог. Эрүүл биетэй, саруул ухаантай залууст торох саад гэж үгүй.

Залуус, хүүхдүүдийнхээ сурах боломжийг хангах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилгоор амьдралын баталгаажуулах түвшин доогуур ч их дээд сургуульд  амжилттай суралцаж байгаа 31 оюутанг аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хамрууллаа. Мөн Боловсрол, хүүхэд хамгаалал, нийгмийн бодлогын хүрээнд Япон улсын Коганэй хоттой туршлага судлах багт Залуучуудын иргэний нийгмийн байгууллагын 2 залууг оролцуулж туршлага судлуулсан байна. Хөгжсөн залуусаас улс орны маргаашийн өнгө тодордог. Залуусын хөгжил бол эх орны хөгжил юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР:

 Залуучуудын хөгжлийн төв эрүүл мэндийн чиглэлээр Аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн Өсвөр үеийн кабинеттэй хамтран өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох нөлөөллийн ажил, арга хэмжээ, 81 удаагийн урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, ЕБ–ын 23 сургуулийн 5865 өсвөр үе, залуучууд хамруулсан байна.

 Эрүүл мэнддээ хамгийн их анхаардаггүй, эрч хүчээр дайрдаг, биеэ үл тоодог үе бол залуу нас. Залуу насандаа задгай мөнгө мэт үрчихсэн эрүүл мэнд ид хийж бүтээх насанд үгүйлэгдэх нь манай улсад байдаг л үзэгдэл болчихоод байна. Иймээс Залуучуудын хөгжлийн төв залуусынхаа эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тэр тусмаа өнөө цагт өсвөр үе, залуучуудын дунд хамгийн ихээр дутагдаж буй нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр энэ жил түлхүү үйл ажиллагаа зохион байгуулсан. Залуучуудын хөгжлийн төв Нийгмийн эрүүл мэндийн төв, “Жайка” олон улсын байгууллагатай хамтран өрхийн эрүүл мэндийн төвүүд, сургуулийн эмч, эрүүл мэндийн багш нарыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэлээ. Энэ нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг түгээх боломж бололцоог нэмэгдүүлэх, байнгын тогтолцоог буй болгох, нөлөөллийн үр дүнг сайжруулах олон талын үр ашигтай. Түүнчлэн оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, энэ чиглэлийн мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулж, “Эрүүл оюутан-эерэг хандлага” уриан дор их дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучуудад сургалт явууллаа. Сургалтыг нэг удаа явуулаад орхих бус оюутан сурагчдын орчинг бүрдүүлдэг сургуулийн хамт олонтой байнгын эргэх холбоотойгоор ажиллаж, урт хугацаанд бодьтой өөрчлөлт, үр дүнг гаргахаар чармайж байна. Мөн “Эрүүл монгол залуу” аяны хүрээнд  ажлын байран дахь дасгал хөдөлгөөн /Японы 90 жилийн түүхт “Ражио тайсоо” дасгал/ хийх уриалга гаргаж, манлайллыг бий болгон ажиллалаа. Эрүүл чийрэг залуусаараа эх орон нь, Эрдэнэт хот нь гоёдог билээ.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР.

Залуучуудын хөгжлийн төв Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт, нээлттэй хаалганы өдөрлөг, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, 1300 гаруй залуучуудыг  хамруулаад байна.

Залуучуудын хөгжлийн төв дээр залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг өгч, мөн энэ чиглэлээр сургалт дадлагад хамруулдаг. Залуучууд ажлын байраа хэрхэн олох, ажил олгогчид өөрийгөө танилцуулах, өөрийгөө зөвөөр товч тодорхой илэрхийлэх, биеэ хэрхэн авч явах талаар мэдлэг мэдээллийг эзэмшиж, зорилготой, зүтгэлтэй болох тэрхүү нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хичээдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл бэлэн загас өгөх бус загас барих аргыг заадгаараа давуу талтай. Үүнээс гадна залуучуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулан түр болон байнгын ажлын байранд зуучилж байна. Энэ жилийн тухайд 28 залууг дараах байнгын ажлын байранд холбон зуучилж, ажилтай орлоготой болгожээ.

•           Уул уурхайн чиглэлээр-2

•           “Эрдэнэт хивс” ХК-д-15

•           Гоо сайхны чиглэлээр-2

•           Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр-5

•           Барилгын чиглэлээр-4 залууг байнгын ажлын байранд зуучилсан байна. Үүний зэрэгцээ 58 залууг оёдлын цех, ногоо хураалт, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгч, орчуулагч зэрэг түр ажлын байранд зуучилж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломжийг нээжээ.

 Хөгжлийн ялгаатай чадвартай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ‘’ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ХААЛГАА НЭЭЦГЭЭЕ’’ үзэсгэлэн худалдааг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан байна.

 Хөгжлийн ялгаатай чадвартай хүмүүсийн хөдөлмөрлөх бололцоо, чадварыг олон нийтэд болон ажил олгогч нарт сурталчлан таниулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж урамшуулах зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд 30 гаруй бүтээл тавигдснаас 20 орчим бүтээлийг худалдан борлуулсан. Худалдан авалт бүр хөгжлийн ялгаатай чадамжтай залууст хөдөлмөрлөх их эрч хүч хайрлаж байснаараа онцлогтой үзэсгэлэн худалдаа болсон.

 Бүтээх чин эрмэлзэл байхад саад бэрхшээл байдаггүй. Залуусын хөдөлмөрлөх урам зориг, эрч хүч бол Эрдэнэтийн төдийгүй энэ орны маргаашийг бүтээх хөдөлгүүр билээ.

АЮУЛГҮЙ АМЬДРАХ, ХӨГЖИХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР.

 Залуучуудын хөгжлийн төвийн бас нэгэн зорилго бол залуус, өсвөр үеийнхний аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэхэд анхаарах юм. Хүний нөөц, хүчин чадал, хөрөнгө мөнгөний бололцооноосоо шалтгаалан олон ажлыг тарамдуулахаас илүү нэг төлөвлөсөн ажлаа бодит үр дүнтэйгээр амжуулахыг бид зорьдог. 2019 оны хувьд цахим тоглоомын хамаарал, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнийхээ хүрээнд РС тоглоомын хамаарлын судалгааг ЕБС-ын 9-12 ангийн сурагчдаас  авч, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх, хамаарлыг багасгах үйл ажиллагааг үе шаттайгаар мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран зохион байгуулж эхлээд байна. Энэ бол даруйдаа үр өгөөжөө өгчих ажил биш. Гэхдээ зориглон эхлүүлнэ гэдэг аливаа ажлын 50 хувь байдаг билээ.

Нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэг дор Орхон аймаг-Эрдэнэт хотдоо идвэхжсэн залуусын давалгааг өрнүүлэхээр залуусын интерпрайзинг чиг хандлагыг хөгжүүлэх “Идэвхжсэн 2030@Орхон” төслийг Залуучуудын хөгжлийн төв хамтран эхлүүлээд байгаа юм. Залуусын хандлагад суурилсан хөгжлийн шинэ орчинг бүрдүүлэх, халамжуулагч, шүүмжлэгч биш бүтээгч, өөрийгөө нээн ологч залуусын цаг үеийг авчрах энэ төсөл Эрдэнэт хотод амжилттай хэрэгжиж байна.

 

Хамгаалагдсан, оролцоогоороо хөгжсөн, араасаа бусдыг дагуулагч залуу манлайлагчдыг төрүүлэх нь бидний зорилго. Залуусын манлайлал-Ирээдүйн түүчээ. Эрдэнэтийн залуусаа бүхий л чиглэлд дэмжиж тэдний хөгжилд болон хандлагад суурилсан төрийн үйлчилгээг хүргэх нь Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын өмнөө тавьсан зорилго, зорилт юм. Эрүүл чийрэг, нийгмийн оролцоотой, идэвхжсэн, ирээдүйд хүрэх хүсэл мөрөөдөлтэй залуусын давалгаа бол Эрдэнэтийг, бас Монголыг хөгжлийн их далайд хүргэх шинэ цагийн түрлэг билээ. Залуус та бүхэнд Залуучуудын хөгжлийн төвийн хаалга хэзээд нээлттэй. Зууны манлай бүтээн байгуулалтаа мянганы хөгжилд тэргүүлэгч залуусын хот болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00