info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТӨГС БЭЛЭГ


Image

Орхон аймгийн  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан ‘’ХАЙРЫН АМТ’’ захидлын уралдааныг  2020.02.05-наас 2020.02.13-ныг хүртэл зарласан билээ. Тус захидлын уралдаанд Хайрт ханьдаа, хайртай  бүсгүйдээ, хайртай найз залуудаа хайр шингээсэн захидал бичиж сэтгэл зүрхнийхээ  үгийг илгээсэн байна. Бид Уралдаанд ирүүлсэн захидлыг хэвлэж, мэндчилгээ, гарын бэлгийн хамтаар захидлын эзэнд хүргэн чин сэтгэлийн үгийг нь сонслоо. Захидал ирүүлсэн та бүхэндээ баярлалаа. Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж яваа таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хайрыг мэдэрч, мэдрүүлж яваа хүн бүхэнд ГЭГЭЭН ХАЙРЫН баярын мэнд хүргэе.

Хайрын амт” захидлын уралдаанд ирүүлсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Сайн байна уу? Хайрт хань минь

Он жилийн давтамж дугараа эргэх шиг тойрохыг 

Олон олон хавар ирж буцсаныг үл анзаарч

Зүүний үзүүрт тогтох арвайн чинээ хувь заяагаа

Зүрхний хайлан чинийхээ ариун хайраар чимэглэж явдаг шүү.

 

Чамдаа энэхүү захидал очих мөчийн мэнд хүргэе.  Энэхүү сайхан өдөр бэлэг сэлт гэхээсээ илүү сэтгэлийн үгээрээ бэлэг барихыг хүслээ.

Чамтайгаа учраад аль хэдийн арван хаврыг үджээ. Энэ хугацаанд чамдаа дэндүү ихээр дасаж, чамгүйгээр энэ орчлонг төсөөлөхөөргүй болчихжээ. Учир нь чи минь хүү, охин, бид гурвыгаа хайрын дээдээр хайрлаж, халамжийн сайхныг мэдрүүлсэн болохоор тэр шүү дээ.

Би их азтай хүн. “Би чамдаа хайртай”, “Би чамдаа өдөр бүр дурладаг”, “Би чамайг ямар ч үед хайрласаар байх болно” гэдэг үгсийг чинь сонсоод тэр өдөр хичнээн их ядарч стресстэж, уурлаж бухимдсан ч сэтгэлд минь нар мандаад л явчихдаг. Нэг бодлын чи миний сэргээш юм даа. Ккк

Охинтой болж аавынд хамт амьдарч эхэлсэн цагаас эхлэн чи бид хоёр хамтдаа үргэлж сайн сайханд тэмүүлэн түүндээ эхнээс нь хүрсээр л байгаа. Хоёулаа их сургуульд сурч дээд боловсролтой болсон. Ажилд ч орж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хашаа байшин, машин авч тохитой тухтай амьдарч байна. Хамгийн гол нь аавынхаа гадаад төрх, зан ааш, зуршлыг нь хүртэл дуурайсан, энэ амьдралын минь гэгээ  бяцхан 2 үрсийг минь чи минь наддаа бэлэглэсэн.

Бидний ирээдүйд би итгэл төгс байдаг. Учир нь миний дэргэд чи минь байна.

 

 

Хайрт хань Б.Отгон-Эрдэнэдээ

Ш.Болортуяагаас

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00