info@child.or.gov.mn      (+976) 70350136

2019 онд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулах үйлчилгээг анх удаагаа зохион байгууллаа.


Image

Эрсдлийн программд бүртгэгдсэн 180 хүүхдээс 150 хүүхдийг эрсдлийн түвшингийн оноогоор нь эрэмблэн “Номин  даатгал” компанитай 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гэрээ байгуулж, даатгуулсан.

Ингэснээр аливаа эрсдэлд өртөх магадлал өндөртэй хүүхдүүдэд даатгалын нөхөн төлбөр олгогдох, тусламж үйлчилгээг даатгалд суурилан хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдлээ. Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай хамтран хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэн эрсдэлээс хамгаалах зорилго бүхий “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2 ахмад настан ажиллаж, сар бүр тайлангаа ирүүлж, хүүхэд хамгаалалд идэвхийлэн зүтгэж байна. Хүүхдийн эрхийг хангах, тэдний сурч боловсрох, амьдрах орчны эрсдлийг бууруулах ажлын хүрээнд сүм хийдүүдэд үзлэг хийж, өндөр өнжүүлэх төв, асрамж халамжийн газруудын үйл ажиллагааг хянаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж ажиллалаа. 25 сүм хийд, 1 асрамж халамжийн төв, 6 өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг бусад байгууллагуудтай хамтарч, мөн дангаараа хянаж, хүүхдийн эрхийг хангахад анхаарсан байна. Мөн 14 цахим тоглоомын газарт хамтарсан үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдал илэрсэн хоёр тоглоомын газрыг хаах саналыг холбогдох газарт нь хүргүүлсэн.

Хүүхдийн хөдөлмөрийн сарын аяны хүрээнд МХГ-тай хамтран 18 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт явууллаа.

Үзлэгийн явцад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд илрээгүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар аливаа хяналт, үзлэгтээ зөвлөн туслах үйлчилгээг голлон эрхэмлэдэг. Бидний ажлын үр дүн бол хүүхдийн инээмсэглэл. Тус газар дээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж эхэлснээр хүүхдийн эрхийг хөсөрдүүлэгч хэнд ч зохих арга хэмжээг газар дээр нь шуурхай авч, аливаа эрсдлийг шууд арилгах боломж бололцоо нээлттэй болсон. 2019 оны тухайд Хүүхдийн эрхийн улсын байцаагч Хүүхэд хамгааллын 108 утас болон өргөдөл гомдлоор ирсэн 5 зөрчлийн дуудлага мэдээлэл дээр хэрэг нээж, иргэн байгууллагад хариуцлага тооцож, 630000 төгрөгийн торгууль оногдуулаад байна.

 Хүүхдийн гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг дахин гэмт үйлдэлд холбогдуулахгүй байх нь аймгийн Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны эрхэм зорилго.

11 хүний бүрэлдэхүүнтэй тус хороонд хуулийн байгууллагын бүхий л төлөөлөл багтдаг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь тус хорооны ажлын албаар үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны төлөвлөлтөөр гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг харилцаа хандлага, зан үйлийг өөрчлөх, сэтгэл зүй, хууль, эрх зүй гэсэн 3 чиглэлээр зохион байгуулж байна. 2019 оны байдлаар өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, уур бухимдлыг хэрхэн зохицуулах, өсвөр насны хүүхдүүдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, хувь хүний хөгжил, хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн чиглэлээр 10 удаа зохион байгуулжээ.

Тус сургалтад нийт 14 хүүхэд хамрагдснаас 6 хүүхдийн сургалтын хугацаа дуусч тодорхойлолтыг гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтад явж буй хүүхдүүдээс хөдөлмөрлөх дадал олгох, гар урлалын сургалтад 2, МСҮТ-ийн үсчин, тракторын мэргэжил олгох сургалтад 2 хүүхдийг хамрууллаа. Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх ганцаарчилсан уулзалтыг 4 удаа зохион байгуулж, насанд хүрээгүй 7 хүний хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан. Үүнд: Бэлгийн хүчирхийлэл 4, бүлэг хулгай 1, бие махбодийн хүчирхийлэл 1, тээврийн хэрэгслийг булааж жолоодсон 1 хэрэг байв. Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Прокурорын газар, Боловсрол, соёл, урлагын газартай хамтран ерөнхий боловсролын 23 сургуулийн 9-12-р ангийн 4087 хүүхэд, 2 МСҮТ-ийн 1, 2-р ангийн 211 оюутнаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай асуулга, судалгаа авах ажлыг зохион байгуулж, нийт 4298 асуулгыг авсан. Судалгаа, асуулга авах үеэрээ хүүхдүүдэд “Мансууруулах бодисын хор уршиг” гарын авлагыг тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа. Асуулгыг нэгтгэн дүгнэлт гаргаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг 4 сургуулийн 887 ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00