info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ


Image

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр                                                                                           Улаанбаатар хот

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

/Хүүхэдтэй холбоотой хэсгийг түүн оруулав/

 

3.5 дугаар зүйл.Баривчлах шийтгэл

1.Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.

2.Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.

3.Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно.

4.Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.

6.Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.

7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.

8.Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа гурван сараас хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

 

6.9 дүгээр зүйл.Дархлаажуулалтын тухай хууль зөрчих

1.Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилга:

2.1.хийх шаардлага хангаагүй;

2.2.хийхэд зөвшөөрөлгүй бэлдмэл хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Дархлаажуулалтын бэлдмэл хадгалах, эсхүл тээвэрлэх нөхцөлийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Сэргийлэх тарилгыг хүүхэд, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.12 дугаар зүйл.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих

1.Найрлага, сав баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, стандартыг мөрдөөгүй, эсхүл битүүмжлэл алдагдсан, импортлох, худалдахыг хориглосон, зориулалтын бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд оруулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хуулиар асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд:

1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;

1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;

1.3.хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй;

1.4.хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүн, хуулийн этгээд нь:

2.1.хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн;

2.2.хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан;

2.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхдийг:

3.1.аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан;

3.2.өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;

3.3.өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Сургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол  хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

7.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.23 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих

1.Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалтын талаархи журам зөрчсөн, эсхүл хүүхэд харагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00